“Эрдэнэт” үйлдвэр зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлэн хямралыг давахаар хэлэлцэв
2015/10/09
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом унаж Монгол улсын эдийн засгийн гол түшиг болсон “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэллээ. Лондонгийн металлын биржид зэсийн үнэ дунджаар 5100 ам.доллар/тонн байна. Үнэ 5000 ам.доллар байхад тус үйлдвэр 58,6 тэрбум төгрөгийн алдалдал хүлээх юм. “Эрдэнэт” үйлдвэр ийм хэмжээний алдагдалтай ажиллавал улсын төсөв бүрдүүлэлтэнд хүндрэл учирна. Тус үйлдвэрийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд зардал хэмнэж, орлого нэмэгдүүлэх талаар зөвлөлдлөө. Эдийн засгийн хямралтай үед онцгой байдалд шилжин ажиллах тухай Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал гарч, үйлдвэрлэл, нийгмийн болон туслах цех, охин компаниуд, худалдан авалт, бүтээмж инноваци, удирдлагын зардал бууруулах чиглэлээр ажлын зургаан хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд хэмнэх боломжтой зардлуудын талаар судалгаа гаргаснаа хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
“Эрдэнэт” үйлдвэр зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлэн эдийн засгийн хямралыг эрсдэл багатай даван туулахаар ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үндсэн болон дэмжих цех, нэгжүүдийн ажлын хэсэг хямралын эсрэг арга хэмжээний санал боловсруулахдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүчний зардал багасгахад голлон анхаарчээ. Үндсэн үйлдвэрлэлийг төлөвлөгөөнөөс давуулан, металл авалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний хэмнэлт гарган, шатах тослох материалын зардал бууруулснаар нийт 23 тэрбум 129 сая төгрөгийн хэмнэлт гаргана. Мөн нийгмийн цехүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, орлогоо нэмэгдүүлэхэд нийт 2,1 тэрбум төгрөгийг хэмнэх юм. Хэлэлцүүлгийн үеэр хэмнэлт гаргах олон оновчтой санал гаргасны нэг нь худалдан авалтын хэмжээг багасгаж, агуулахын үлдэгдлийг эргэлтэнд оруулах асуудал байлаа. Ингэснээр худалдан авалтаас нийт 49 сая ам.долларыг хэмнэнэ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын үйлчилгээ, шатахуун, утасны зардлыг бууруулжээ. Ажилчдынхаа цалин, нийгмийн хангамж, хөдөлмөр хамгааллын зардлаас таналгүйгээр хямралыг давах талаар “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд хэлэлцэж, санал бодлоо солилцов.
У.Цэрэнбат