Лондонгийн металлын биржид 9-р сарын долооны байдлаар 1 тонн зэсийн үнэ 5176 ам.доллар байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом унасан нь “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүний төлөвлөгөөт үнэ өөрийн өртгөөс даруй 650-1000 ам.доллараар буурахад нөлөөлөв. Цаашид энэ нөхцөл байдал үргэжилнэ гэж шинжээчид үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгж бүр зардал хэмнэж, орлогоо нэмэгдүүлэх хямралын эсрэг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Компаний үйлдвэрлэлийн үндсэн цех, Засвар механикийн завод 2015 оныг дуустал гадны байгууллагуудын захиалга, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Импорт орлох 3,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, компанидаа нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн гадны байгууллагуудын захиалгаар 150 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эдийн засгийн тооцоо гаргасан гэж Засвар механикийн заводын Үйлдвэр техникийн товчооны инженер М.Бямбазоригт мэдээллээ.

У.Цэрэнбат