Төслийн үр дүнд 612 сая төгрөгийн эрчим хүч, ус хэмнэнэ
2015/08/31
Баяжуулах фабрикийн бүтээмж чанарын дугуйлангууд энэ оны эхний хагас жилд 39 төсөлт, жижиг сайжруулалтын 26 ажил хэрэгжүүлжээ. Хэрэгжүүлсэн төслийн 22 хувь нь ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, 22 хувь нь ажлын арга барил, чанарыг сайжруулах, 18 хувь нь хэмнэлтийн, 18 хувь нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын хугацааг уртасгах, 8 хувь нь ажлын байрны болон ажил гүйцэтгэх үеийн эрсдэлийг бууруулах чиглэлтэй байв. Бүтээмж чанарын дугуйлангуудын сайжруулалтын ажлын хэрэгжилтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт ажлын тоо 6-аар нэмэгдсэн ба төсөлт ажил 3-аар буурч, жижиг сайжруулалтын ажил 9-өөр нэмэгдсэн байна. Энэ оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд дугуйлангийн тооцоогоор 612 сая төгрөгийн эрчим хүч, ус, 32 сая төгрөгийн сэлбэг материал хэмнэх боломж бүрджээ. Компанийн санхүү-эдийн засгийн байдлыг тогтворжуулах нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан, энэ оны эхний хагас жилийн бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааг хэмнэлтэд чиглүүлсэн тухай Бүтээмжийн менежер Л.Уранчимэг ярилаа.