“Эрдэнэт” үйлдвэр 3 сая ам.долларын импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ
2015/05/29
“Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр бутлах технологийн үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Ган бөөрөнцөг цувих цехэд техник технологийн шинэчлэл хийгдэж, өнөөдрөөс 100 мм-ийн ган бөөрөнцөгийг үйлдвэрлэж эхэллээ. Тус цех нь жилд 40, 80 мм-ийн 29 мянган тонн бөөрөнцөг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь Баяжуулах фабрикийн нийт хэрэгцээний 90 хувь юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр 95 хувийг үйлдвэрлэх хүчин чадалтай болов. “Эрдэнэт” үйлдвэр жилд 3 сая ам.долларын импорт орлох бүтээгдэхүүн буюу 3300 тонн, 100 мм-ийн ган бөөрөнцөгийг өөрийн цехдээ үйлдвэрлэж эхэллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ техник, технологи нэвтрүүлэх бодлогын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехийн дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрсний хийгээр солих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн онд боловсруулсан. Энэ технологийг удахгүй үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Ингэснээр жилд 1,6 тэрбум төгрөгийн зардал хэмнэх юм.
Тус үйлдвэр ган бөөрөнцөгийн бэлдэцийг 2012 онд нийт 60 тэрбум төгрөгөөр импортолж байсан бол 2013 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэгч “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 47 тэрбум төгрөгийн, 2014 онд 35 тэрбум төгрөгийн бэлдэцийг тус тус худалдан авсан байна. Үүний үр дүнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2012 онтой харьцуулахад нийт 38 тэрбум төгрөгийг зөвхөн үнийн зөрүүнээс хэмнэсэн бөгөөд Дархан төмөрлөгийн үйлдвэрээс нийтдээ 82 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжжээ. Түүнчлэн Хөтөлийн “Цемент Шохой” ХК-иас зөвхөн 2015 онд гэхэд 7,5 тэрбум төгрөгийн шохой, 1 тэрбум төгрөгийн цемент тус тус худалдан авсан байна.
- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/479-3#sthash.mFE7xQcr.dpuf