Нийтийн тээврийн жолооч нар нь энгийн жолооч та биднийг бодвол мэргэшсэн хамгийн чадвартай жолооч нар байдаг. Гэтэл мэргэших тусмаа осол их гаргадаг үзэгдэл манай улсад бий болоод байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол буурахгүй байна. Нийтийн тээврийн хэрэгслийг хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл гэж иргэд сонгож үйлчлүүлдэг гэтэл аюулгүй зорчих баталгаа байхгүй болсоор л байна 2015 оны эхний 11 сарын байдлаар нийтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын жолооч нартай холбоотой зам тээврийн осол 405 бүргэгдсэн ба осол хэргийн улмаас 5 хүн нас барж, 254 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал хангалттай бус, зорчигчид сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлдэг, хаалгандаа хавчих тохиолдол гарсаар байгаа төдийгүй гэнэт огцом тоормослох, хоорондоо уралдах, гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх гээд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг гаргадаг зөрчлийг тооцоод байвал барагдахгүй.

Тухайлбал: СХД-ийн нутаг Их нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд Сутайбуянт ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 30-35 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироож , зорчигч 8, явган зорчигч 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн ноцтой осол гараад удаагүй байтал өчигдөр дахин нийтийн тээвэртэй холбоотой осол дахин гарлаа. Тодруулбал, 2015 оны 12 дугаар сарын 01-ний 09.50 минутын орчимд СХД-ийн нутаг Хар хорин захаас баруун тийш Миний дэлгүүрийн урд замд Тэнүүн огоо ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон бол СХД-ийн нутаг Хангай захаас зүүн хойш замд буюу СХД-ийн нутаг Үйлдвэрчиний гудамж Давхар дэлгүүрийн урд замд Автобус нэгдэл ХХк-ны автобусны жолооч Г нь Тэнүүн огоо ХХк-ны автобустай мөргөлдөж 7 хүн гэмтсэн байна. Тэгвэл өчигдөр автобусны жолооч нар хэрхэн "факталсан"-ыг харцгаая.

 

Энэ нь автобусны жолооч нарын дээрэлхүү зан, хариуцлагагүй, ухамсаргүй байдалтай шууд холбоотой гэдгийг жолооч нар хэлдэг. Тэгвэл автобусны жолооч нарын хариуцлагагүй энэ үйлдэлд Нийтийн тээвэр, автобус компаниуд хариуцлага тооцдог байх хэрэгтэй байна. Эс бөгөөс олон хүний эрүүл мэнд амь насаар жолооч нар наадсаар байх нь.

А.Баярмаа