Халамжаас хамааралгүйгээр амьдрах боломжийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд эрэлхийлэн зөөлөн тоглоом үйлдвэрлэн дөрвөн жилийн нүүр үзэж байна. Тэд сарын 167 800 төгрөгийг халамжаас авдаг бөгөөд өдөрт 5593 төгрөгөөр амьдарч байгаа. Өвөл болохоор түлээ нүүрсэндээ дөнгөн хүрэх энэхүү тэтгэмж үнэхээр амьжиргааны батгалгаажих түвшинээс доогуур өрхийн тоонд оруулчихаж байгаа юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байгаа ээж нар нэгдэн хөдөлмөрлөж, зөөлөн тоглоом буюу чихмэл үйлдвэрлэн түүнийгээ борлуулан нэмэлт орлого олох болсон. 2011 оноос эхлэн хийж байгаа энэхүү өрхийн үйлдвэрлэл нь өнөөдрийг хүртэл байгууллага хүмүүсийн захиалгаар явагдаж байсан боловч сүүлийн хэдэн сар захиалга байхгүйгээс энд оролцож байгаа олон ээж, хүүхдийн амьжиргаа шууд нөлөөлж байгаа гэнэ.

Тиймээс өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, МОНГОЛ БРЭНД бий болгох том зорилго өмнөө тавиад байгаа эдгээр эмэгтэйчүүд өөрсдийн тухай мэдээллээ УИХ-ын гишүүд, нийслэлийн болон дүүргүүдийн засаг дарга нарт хандаж өгч байсан боловч тоймтой дэмжлэг авч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Тэд гурван жилийн турш иргэдийнхээ төлөөлөл болон сонгогдсон эрхэм гишүүддээ хандан дэмжлэг хүссэн захиа утас луу нь явуулж байсан. Энэ удаад мөн хүүхэд багачуудад бэлэг сонгохдоо зөөлөн тоглоом авч, дэмжихийг хүсэж уриалга гаргаж байгаа юм байна. Тэд уриалгаа УИХ, ЗГ-ын гишүүүд болон нийслэл, дүүргийн засаг дарга нар, НИТХ-ын төлөөлөгч нарт хүргүүлж байгаа.

Ээжүүдийг нэгтгэн буй “Ээлтэй Ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал хэлэхдээ:

Бид энэхүү үйлдвэрлэлээр дамжуулан өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжээд зогсохгүй цаана нь байгаа хөгжлийн бэрхшээлтэй үрсийг дэмжиж байгаа юм. Ээж нь орлоготой байснаар эдгээр хүүхдүүдэд хүрэх хамгийн том хаалга. Өдрийн хоол цайндаа санаа зовохгүй болоод ирэхээр хүүхэд хөгжүүлэх талаар бодож эхлэх, тэдэндээ анхаарах гээд амьдрал нь өөр болж байна. Амьдрал хэцүү гээд алгаа дэлгээд суухыг ээжүүд хүсэхгүй байна. Харин хөдөлмөрлөх чин хүсэлтэй ээжүүдийгээ хамтдаа дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм. Тэвчээртэй, авъяастай, хөдөлмөрч эмэгтэйчүүдээ дэмжиж, хамтран ажиллаасай.

Хүчтэй, шантрахгүй байх гэсэн лоозон урдаа барьсан эдгээр эмэгтэйчүүд амьдралын төлөө, хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж байна. Үхэх бүү хэл өвдөх эрхгүй гэж яриандаа дурдах эдгээр ээжүүдийг хамтдаа дэмжицгээе. Үндэсний үйлдвэрлэл болох бүх төрлийн зөөлөн тоглоом, үзэг харандааны сав, даавуун ном, бэлэгний уут, мэндчилгээний уут гээд оёмол хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг худалдан авцгаая!