Солонгосын “SBS” телевизийн "Оддын хаан" шоу нэвтрүүлэгт оролцож байсан С.Гантогоотой холбогдож ярилцлаа.

-Өөрийг чинь Сөүлд дуучнаар ажилладгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Хэдэнтээ холбогдлоо. Байнга л тоглолтоор ийш тийшээ явах болчихлоо гэдэг?

-Юуны өмнө танай сониноор уламжлан монголчууддаа мэнд хүргэж байна. Монголд их хүйтэн болж байна гэж дуулдсан. Энд ч бас хүйтрэх төлөвтэй байна. Би одоо Сөүлд “Монтант” гэдэг нэгэн урлагийн байгууллагад дуучнаар ажиллаж байгаа. Концерт тоглолтуудын жинхэнэ улирал нь эхэлчихсэн болохоор тун завгүй явна. Маргааш гэхэд Кванхуа арал дээр очиж музыкл тоглолт хийнэ. Манай хамтлагийн энэ онд хийж буй 13 цуврал жүжигчилсэн тоглолтын сүүлийнх нь тавилт болж байгаа юм. Үүний дараа нэг тоглолт, бас Хятад руу аялан тоглолттой учраас бэлтгэл ихтэй байна. Ер нь Солонгосын бүх хот, аймаг, орон нутгаар явж тоглолт хийсэн дээ.

-Танай хамтлаг анхны цомгоо гаргасан гэсэн. Хэдэн дуутай, ямар цомог вэ. Хамтлагийнхаа тухай танилцуулаач?

-Энэ онд анхны цомог маань худалдаанд гарсан. Арван дуутай. "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны "Circle of life" дуугаар нэрлэсэн юм. “Walt Disney” компаниас албан ёсны зөвшөөрлийг нь авч дуулсан. Манай хамтлаг орон орны хамгийн алдартай дууг монтант хэв маягт оруулж дуулдаг онцлогтой л доо. Тэр утгаараа Монгол, Америк, Солонгос, Хятад, Индонезийн алдартай дуунууд болон хамтлагийн бие даасан уран бүтээлтэй нийлээд 10 дуу цомогт орсон.

-Хамтлагийн нэрийн тухайд?

-Монтант буюу хамтдаа гэсэн утгатай. Монголоос би, Филип гэдэг америк залуу, Су Ён гэдэг солонгос бүсгүй, Ихуа хэмээх хятад бүсгүй, Эрик гэдэг филиппин хүний бүрэлдэхүүнтэй дуулж байна. Хэт хатуу урсгал чиглэлд баригдалгүй ерөнхийдөө этник хэв маягаар уран бүтээл хийдэг. Жишээлбэл, “Жалам хар”-ыг өөрсдийн хэв маягаар дуулж өвөрмөц аялгуу гаргасан. Ийм маягаар уран бүтээл хийж орон орны соёлыг харуулахыг зорьдог юм.

Солонгос бол k-поп нь өндөр түвшинд хөгжчихсөн газар. Бид заавал тэр к-попоор нь дуулалгүй өөрсдийн төрхийг гаргахыг зорьсон. Энтертаймент корпорациуд ашгийн төлөө, нэр хүндийн төлөө ажилладаг. Харин манайх хэл ус, яс үндэс, зүс царай өөр ч гэсэн биднийг нэгтгэдэг зүйл бол дуу хөгжим шүү гэдгийг мэдрүүлэхийг эрмэлздэг. Учир нь дэлхий ертөнц даяаршихын хэрээр эмх замбараагүй байдал, терроризм, шашин хоорондын зөрчил мөргөлдөөн их байна. Олимп ч мөн адил хүн төрөлхтнийг спортоор нэгтгэдэг шүү дээ. Ийм мессэжийг олон нийтэд өгөх нэг зорилготой юм.

-Хөхөө Намжилын домог, “Хааны алтан аяга” домог үлгэр, “Жалам хар”-ыг танай хамтлаг тоглолт болгосон гэлээ. Бусад гишүүд чинь монгол дуу хуураас сурахад амаргүй байсан болов уу. Монгол гэсэн тогтсон дэгтэй шүү дээ.

-Хөхөө Намжилын домгийг Америк, Хятад, Филиппин, Солонгосын үлгэр домогтой уялдуулж нэг тоглолт болгосон. “Жалам хар”-ыг найруулга хийж тоглосон. Үзэсгэлэнтэй уудам тал нутагт мориор давхиж яваа дүрслэлийг дуу аялгуугаар хүргэхэд гадаад хүмүүсийн хувьд хэцүү. Тиймээс өнгөрсөн зургадугаар сарыг хүртэл бэлдсэн. Хамтлагийнхан маань өөр өөр орны хүмүүс байдаг болохоор үг хэллэг, найруулга, тавилт дээр нь ажиллаад солонгос хэл дээр хөрвүүлэхээс авахуулаад бэлтгэл их шаардсан. Өөрийнхөө стил имиж рүү хандуулдаг ч үндсэн хэв шинжийг нь хадгална. Тэгэхийн тулд нөгөөдүүл маань үгээ сурна, хөгжмийн найруулагчид яаж найруулах вэ гээд ажиллана. Ингээд жил тойронгийн ажил болж сурцгаасан даа.

-Яаж энэ хамтлагт орсон юм бэ?

-Гурван жилийн өмнө манай байгууллагын сонгон шалгаруулалт болж таарсан. Солонгосын алдарт дива дуучин Ин Сү Ы шүүгчээр сууж байсан. Би үнэхээр их сандарсан ч, энэ л миний боломж шүү гэж айхтар их хичээсэн. Тэгээд дуулах шалгаруулалт дээр тэнцсэн. Сүүлийн шат нь гучин минутын ярилцлага байсан. Юугаа ярина даа гэж эргэлзэж байлаа. Гэтэл хүн чинь бусдад таалагдах гэж худлаа ярих биш, хүнд өрөвдүүлэх биш, яг л өөрийнхөө яаж ингэж явж байгаа үнэн түүхээ ямар ч маяггүй ярих хэрэгтэй юм билээ. Солонгосоор алдаатай ч гэсэн зүгээр л үнэнээ ярьсан. Би тэгэхэд кофены үйлдвэрт ажиллаж байлаа. Долоо хоногийн дараа тэнцсэн шүү гэж дуудсан.

“Одоо би дуучин боллоо” гэж бодоход гайхалтай мэдрэмж төрсөн.

-Анх Солонгост очоод ямар ямар ажил хийж байсан юм бэ?

-Энд ирээд найман жил болж байна. Багшийн дээдийг 2007 онд Газар зүйн багш мэргэжлээр төгсөөд, аавын хүү амьдрал хөөсөн. Тэгээд л олон олон монголчуудын адилаар гэрээт ажилтнаар ирж байлаа. Таван жил элдвийн л ажил хийсэн. Анх махны үйлдвэрт ажиллаж байлаа. Ирэхэд бүх юм сайхнаар төсөөлөгдсөн. Ажлын нөхцөл, цалин бүгд гэрээнд зааснаар яригдах ч бодит байдал дээр юм өөр байх үе гарсан. Дөнгөж ирээд байж байтал ээж залгаад “Миний хүү сайн явж очсон уу. За, гэр орон нь тохитой сайхан байна уу” гээд л гоё гоё юм асуусан. “Өө контейнерт амьдарч байна” гэтэл дуу нь цаашлаад миний хүү гэртээ хүрээд ир гэж дуудаж билээ.

Дууны тэмцээнд орох гэхээр захирал зөвшөөрөхгүй, тэгэхээр нь үйлдвэрээ солино, махны үйлдвэрээс бэлэн гоймон, кофены үйлдвэр, хаяг рекламны үйлдвэрт ажилласан. Дуулах замаа олж харчихаад байсан учраас тэмцээнд ормоор байсан юм.

-Та "Оддын хаан" нэвтрүүлэгт орж байсан. Яаж тэр алдартай нэвтрүүлэгт орж байв?

-Солонгосын “SBS” телевизийн суваг 2014 онд тэр нэвтрүүлгийг хийсэн юм. Тэгээд манайд дуучдаасаа оролцуулаач гэсэн хүсэлт тавьсан л даа. Байгууллагаас яг хэн хэнийг оролцуулах вэ гэдгийг шийдэхээр болж, дотроо бяцхан сонгон шалгаруулалт явуулсан. Арван хэдэн дуучдаас би болон манай хамтлагийн хэд тэнцэж шоунд орохоор болсон. Алдартай шоу учраас маш олон хүнд хүрсэн байсан.

-Шоуны дараа сонирхолтой саналууд ирсэн үү?

-Нэвтрүүлэг цацагдсаны дараа маш олон газраас шинэ санал ирсэн. Тэр бүх хүсэлтийг манай байгууллага зорилготойгоо уялдуулаад хүлээж аваагүй юм. Яахав, хүмүүс зургаа хамт авахуулъя гэх мэтээр танимхайраад л хэсэгтээ сайхан мэдрэмж төрөх юм билээ. Нэвтрүүлгийн багийнхан, хөтлөгч Хуудуун маань одоо ч холбоотой байдаг.

-Солонгос дахь энэ статусаа ашиглаад хувийн уран бүтээл хийх үү?

-Манай найзууд хэлдэг, Монголд очоод өөрийнхөө уран бүтээлийг хийгээч, чамд зөндөө боломж байна гэдэг. Олон газраас санал ирсэн. Гэхдээ монгол хүний үүрэг хариуцлага гэж үзээд дуртай ажлаа хийнгээ хилийн чанадад Монгол орноо нийгмийн нэгж бүр дээр нь очоод ингээд сурталчлаад явж байгаа энэ боломжоо би монгол хүний үүднээс хэзээ ч алдахгүй. Ирэх онд миний хувийн уран бүтээлийн ажлууд, шинэ прожект хэрэгжинэ. Дуулаад цалингаа аваад явдаг ийм ажил бас ховор.

-Залуу хүмүүст нутаг санагдаад л ирье барья гэж яараад байдаггүй байх?

-Ойрын жилүүдэд хувийн амьдрал хөөх тухай төлөвлөгөө байхгүй. Монголдоо очих ажил гарвал оччихоод л явж байна даа.

-Эр хүнд амьдрал оройтоно гэхгүй байх л даа?

-Одоо чинь эрэгтэй хүн ч, эмэгтэй хүн ч хүчирхэг болчихож. Дөч хүрээд амьдрал эхлэхэд гайхах юм биш болжээ.

-Монголынхоо уран бүтээлчдээс ойр хүн бий юу?

-"Мотив" хамтлагийн Ганбаа, Улсын филармонийн дуучин Насанбуян гээд авьяаслаг сайхан найзууд маань хааяа ирж, ажлаар маань ороод уулзаж ярьж хөөрөөд явдаг.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу, аав ээж тань аль нутгийнх вэ?

-Би Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн. Аав маань хилийн цэргийн хүн болохоор хил дагасан айл байв. Аав ээжийн маань уугуул нутаг Хөвсгөл. Ээж маань цэцэрлэгийн багш сайхан хүн бий. Хан тэнгэр болсон сайхан аав минь харин энэ намар өөд боллоо. Аавыгаа буцахад эр хүн цээжиндээ нурах шиг болдог юм байна. Гэхдээ амьдад нь сайхан газар үзүүлж, ойрхон байсандаа жаахан боловч дотор цэлмэх юм.

Би дээрээ нэг ахтай, хоёр охин дүүтэй. Дүү нараа их сургуулийг нь төгсгөж өгөөд л ар тийшээгээ санаа зовохгүй болсон. Гэрийнхэн маань бүгдээрээ Монголд ажил амьдралаа гээд л явж байгаа.

-Ингэхэд манайд дууны тэмцээн уралдаан их болж байна. Хүмүүс ч “Би авьяастай” гэж өөрийгөө их тодорхойлох болж. Үүнд нь манай зах зээл бараг ханаж байх шиг. Харин яг гадагшаа хандаад уран бүтээлээрээ гарч ирэх гэдэг дээр өөрчлөлт мэдрэгдэхгүй л байна. Та юу гэж боддог вэ?

-Дэлхийд гарчихсан дуурийн дуучин, балетчин, язгуур урлагийнхан гээд үнэхээр нэг цойлсон авьяасаар Монголынхоо нэрийг гаргаж байгаа хүмүүс олон бий. Цаг хугацаа, эдийн засаг, ур чадварын хувьд монгол уран бүтээлчид тэсрэлттэй гарч ирэх бүх нөхцөл одоо байгаа.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Анх Солонгост махны үйлдвэрт ажиллахаар цүнхээ үүрээд ирж байхдаа “Оддын хаан”-ы тайзан дээр гарч дуулна гэж бодоогүй. Солонгосын алдартай хамтлаг, дуучидтай нэг тайзан дээр хамт дуулна гэж хэзээ ч бодоогүй. Хүн мөрөөдлөөрөө хаа ч хүрдэг. Би их л том мөрөөдөж яваа.

Ц.БАЯРЖАРГАЛ