Ирвэс хамгаалагч залуу учир бүтүүлгээр амиа алдсан нь орон нутгийн иргэд болон төр засаг, олон улсын байгууллагуудын анхаарлыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууны зүгт хандуулаад байна. Орон нутгийн 1059 иргэнээс Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалтанд авахыг төр засгаас хүсэж, энэ дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын тусгай хамгаалтад авах асуудлыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан шийдвэрлэж, УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгах тогтоол гаргалаа.

Тус газрыг тусгай хамгаалтанд авахын хүссэн нэгэн залуу алтан амиа алдсаны дараа л төр засгийн газрын хэмжээнд дээрх газрыг хамгаалалтанд авах болсон нь харамсалтай юм. Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалтад авах талаар өнгөрсөн жилээс орон нутаг болон төрийн бус байгууллагууд хөөцөлдөж байсан ч дорвитой шийдэлд хүрээгүй юм. Энэ асуудлыг эрхтэн шийдсэн бол үе дамжсан байгаль хамгаалагч залуу ажлаа хийгээд явах байсан.

Орон нутгийн 1059 иргэнээс Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалтанд авахыг төр засгаас хүсэж,

Дээрх газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 619 941,24 га-гаар, тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 2,3 хувиар нэмэгдэх юм байна.

Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нутаг нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний амьдрах гол орчин юм. Одоогоор 24 цоохор ирвэс идээшин амьдарч байгаа тоог гаргасан байдаг.

 

Орон нутгаас 2010 онд Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 658912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгожээ. Гэвч Тостын нуруу нь сүүлийн үед уул уурхайн нөлөөнд хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.

 

 

 

 

 

Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг

Түүнчлэн дэлхийн ховор амьтдын бүртгэлд орсон цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа болон Монгол орны улаан номонд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуу, 10 зүйлийн ургамлыг хамгаалах нөхцөл бүрдэж, ховор амьтдын амьдрах орчин, экологийн тэнцвэр хадгалагдан үлдэхээр барахгүй зарим нь нөхөн сэргээгдэх тул тэдгээр нэн ховор амьтад мөхөж сүйрэх аюулаас аврагдана.

Дээрх газар нутгийг тойроод ашигт малтмалын 21 лиценз байгаагаас таван лицензийг албан ёсоор цуцалсан байна. Харин үлдсэн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Т.Буянаа