МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц. Дашдорж, МАН-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа, "Алтайн хөгжил XXI зуун" төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Раднаасэд нар Говь-Алтай аймагт аймагт ажиллаж, "Баруун бүсийн тэмээчдийн их наадам"-ийг үзэж сонирхлоо. Уг наадам нь Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай агсаны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм. Үүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат аймгийн намын хороо болон НАМЗХ, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн талаар мэдээлэл өгсөн юм. Сонгуулийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд МАН ямар байр суурьтай байгааг Ж.Мөнхбат тайлбарлаж, аймгийн намын хорооныхон эв эеийг эрхэмлэж байж ялалт байгуулах учиртайг хэлсэн. Сонгуулийн хуулийн тухайд одоогийн 48:28-аар явах уу эсвэл бүсчилж, баруун таван аймгийг нэг тойрог болгох уу гэдэг асуудал яригдаж байгаа аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухайд МАН эсрэг байр суурьтай байгаагаа өмнө нь ч мэдэгдэж байсан. Улс орныг зөв жолоодож, удирдаж чадахгүй байгаа энэ УИХ-д Үндсэн хуульд гар хүрэх ёсзүй болоод хууль зүйн эрх байхгүй гэдгийг МАН-ын генсек хэллээ. Малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүний үнэ ханш унаснаас болж иргэдийн амьдрал улам доройтож байгааг учирлаж байлаа. Тиймээс ч Говь-Алтайчууд дараагийн сонгуулиар АН-ыг сонгож, дахин хулхидуулахгүй гэсэн байр суурьтай байна. МАН-ыг "Сонгуулийн пиар хийх шаардлагагүй АН-ынхан улс орны эдийн засгийг доройтуулж, өөрсдөө сурталчилгаагаа хийгээд өгчихөж байна" гэж дүгнэх залуус ч байлаа. Настнуудын хувьд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй бол Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээ мэдэхгүй байгаагаа эртнээс уламжилж байв. Дээр нь шинэ жил, Цагаан сар гээд баяр ёслол ойртохоор л АН-ынхан ямар хууль нууцаар батлах бол гэсэн битүүхэн хардлага байнга төрж байгааг ахмад настан М.Пүрэвээ гуай хэлж байлаа. Танхимд хүрэлцэн ирсэн иргэдийн дундаас ирэх сонгуулиар МАХН-тай эвсэж орох бодолтой байгаа эсэхийг Ерөнхий нарийн бичгийн даргаас асууж, тандсан хүмүүс элбэг байв. Ахмадуудын хувьд хоёр нам нэгдэж, хамтдаа сонгуульд ороосой гэсэн бодолтой байгаагаа нуусангүй. Орон нутгийн намын анхан шатны байгууллагын мөнгө санхүүгийн байдал хаа, хаанаа хүндрэлтэй байгаа ажээ. Тиймээс Говь-Алтай аймгаас сонгогдсон Бага хурлын гишүүдийн татвар, хураамжийг шахаж, шаардаж авах хэрэгтэй байгааг энд олон хүн сануулсан. Өмнө нь Говь-Алтай аймагт МАН дандаа ялалт байгуулдаг байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн ялагдал бол нам дотроо эв түнжин муутай байснаас үүдэлтэй гэдэг онош тавьж буйгаа намын гишүүд дэмжигчид хэлж байв. Тиймээс дараагийн сонгуулиар ялалт байгуулахын эх үндэс нь дотроо эвийг эрхэмлэж, ахмадаа сонсч, залуучуудыг дэмжих явдал гэдгийг энэ үеэр олон хүн сануулж байлаа. Уулзалтын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нэр бүхий иргэдийг Тусгаар тогтнолын одон болон намын шагналаар энгэрийг нь мялаалаа.

С.Пуужин