Хөгжлийн банкны шалгалтын мэдээлэл нэг хэсэгтээ л яригдах юм шиг байна. Ажлын хэсэгт орсон эрх баригч намын гишүүд дүгнэлт дээр нь гарын үсгээ зурахгүй унжиж байх хойгуур нь Ардын намын гишүүд сэтгүүлчдэд нээлттэй мэдээлж орхив. Хөгжлийн банкны дүгнэлт ч хормын төдийд нийгэмд түгж, хуурай өвсөнд ассан түймэр мэт тархсан билээ. Ингэнэ чинээ санаагүй эрх баригчид барьц алдаж төлөвлөгөөгүй мэдээ мэдээллийг нийгэмд цацаж эхэлсэн. Энэ нь ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан руу чиглэсэн байлаа. “Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан хүн нь Л.Энх-Амгалан” гэж ирээд л нийгмийн тархийг баахан угаав даа, эрх баригчид. Худал цуурхал, цуу үгийг баримт дардаг гэдгийг даан ч санаагүй нь харамсалтай. Иймэрхүү цуурхал гарч эхлэхтэй нь зэрэгцэн Л.Энх-Амгалан гишүүн Авлигатай тэмцэх газарт хандаж албан бичиг гаргуулж чаджээ. Авлигатай тэмцэх газрын албан бичигт “Та 2013, 2014 оны Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн “Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт “Интер групп интернэйшнл”, “Интер гурпп Монгол”, “Эм Си Эс” ХХК-иудын хувь эзэмшигч гэж, мөн “Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” хэсэгт “Интер групп интернэйшнл”, “Монгол майнинг корпораци”, “Эм Си Эс” ХХК-иудын хувь эзэмшдэг талаар болон тэдгээр компанийн дүрмийн сан, ногдол хувийн талаар тус тус мэдүүлсэн байна. Харин “Пик Девелопмент” ХХК, “Эсто” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн, хувь эзэмшдэг гэх мэдээлэл байхгүй байна” гэжээ. Барьц алдсан эрх баригчдын тооцоолоогүй, шалгаж нягтлаагүйн гор нь гарч байх шиг. Ямар ч хамааралгүй хоёр компанийг хаа хамаагүй хүнтэй нааж орхидог нь яаж байгаа юм бэ. “Эм Си Эс” том компани гэсэн бодол толгойноос нь салаагүй учраас, “охин компани нь биз” гэж бодоод нааж орхисон нь ямар ч хамааралгүй болж таараад эрх баригчдыг бүр ч эвгүй байдалд оруулчихав.

Хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсгийн ахлагч нь өөрөө “но”-той байсан бол сэтгүүлчдэд нээлттэйгээр дүнг мэдээлэхгүй байсан нь тодорхой. Ном журмаар нь ажлаа хийсэн хүнд заавал “но” тохох гээд байдаг яачихсан нийгэм бэ, энэ чинь. Хэрэвзээ Л.Энх-Амгалан гишүүн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг зориг гарган мэдээлээгүй бол өнөөдрийн эрх баригчид яагаад ч танилцуулахгүй байсан нь ойлгомжтой. Үүнийг энгийнээр тайлбарлавал, эрх баригчдын булхай луйврыг ард түмэн мэдэхгүй байсан гэж хэлж болно. Мөнхүү тэдний улсаас шамшигдуулсан өчнөөн тэрбум төгрөгийг ард түмэн халааснаасаа гаргаж төлөх байлаа. Ард түмнийхээ талд зогссон нь бурууддаг бол эрх баригчдын булхайг дэлгэсэн Л.Энх-Амгалан гишүүн яалт ч үгүй буруудна. Харин ард түмнийхээ талд зогссон нь зөвддөг бол Л.Энх-Амгалан гишүүн ялах учиртай. Төрөөс хэдэн тэрбумаар нь идэж уусан хүмүүсийг илчилснээрээ тэр өнөөдөр буруудаж явна. Тийм ч учраас түүнийг заавал “но”-той болгох санаа хэн нэгэнд байгаа нь гарцаагүй. Даан ч түүнд ямар ч “но” байгаагүй нь харамсалтай.

Д.СҮХ