ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна
2015/12/03
Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын дугаартай 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагаар /2015.11.24/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран 2015.11.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргасан. 2015.12.30-ны өдөр машин гаргах бэлтгэл ажил хийгдэж 4 тайль /өргөгч/ бэхэлсэн. 2015.12.02-ны өдөр машины хойд тэнхлэгийг мөсөн дээр гаргаж уг автомашиныг гаргахаар ажиллаж байна. /Нуурын гүн 3 метр, мөсний зузаан 15 см орчим/
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т, аймгийн төвөөс 40 км-т/ иргэн Б 31-13 УВХ улсын дугаартай “Прадо-95” загварын автомашинтай цасанд суусан, 8 хүнтэй бага насны 2 хүүхэд байна гэсэн мэдээллээр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, зорчигчидод тусламж, үйлчилгээ үзүүлэн 2015.12.02-ны өдөр аймгийн төвд хүргэн ирж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
2015 он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин суусан тохиолдол 12 удаа бүртгэгдсэн.
Иймд, гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул Иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.