Улс орны эцсийн зорилго бол оршин тогтнохуй. Оршин тогтнохын тулд зогсолтгүй хөгжих учиртай. Иймээс хөгжлийн тэнцвэр, хурдацыг хангах, төр засаг, нийгмийн тогтолцоо бүхний анхдагч бөгөөд, хамгаас чухал зорилго болдог. Хөгжил гэж энэ сэдвийг хөндөөгүй, үгээ хэлээгүй судлаач, улс төрчид, нийтлэлчид үгүй. Гэхдээ ярихад учир бий.

Хөгжлийн тухай ярьж, гарц шийдэлийг тодорхойлоход “Системийн онол”-гүйгээр үр дүнд хүрэх боломжгүй.Системын онолыг логиктой, суурьтай, практик сургамж ийг өөрийн үзэл бодолтой харшуулан, бусдаас хуулалгүй ярьдаг цөөн хэдэн хүн Монголд байдаг.Дашын Бямбасүрэнгийн “Орчлонгын хүрд”, Д.Энхбат, Баабар, Д.Ганхуягийн “Гурван тунхаг зургаан онол”, О.Цогтгэрэлийн “Тэнцвэрт өөрчлөлтийн онол” зэрэг санаа, шийдэл миний цээжинд лавтай байна.XXI зуун бол бүх нийгмийн хувьд системийн эрин зуун.Системийн онолыг ойлгохгүйгээр хөгжил дэвшилийг ярих ямарч боломжгүй.Системийн онолыг хүлээн авахгүй нь шинэ эрин цагийг хүлээн аваагүйтэй ижил.Системийн онолыг ойлгодог юм шиг ярьдаг сайд дарга нартай таарч байлаа.Бүр яг үнэмшитэл авна гээч.Гэтэл амьдрал дээр аливаа системийн өмнө хувийн үзэл бодлоо тавиад, тухайн системээ тэр чигээр нь эвдлэн бусниулагчид байх нь олонтаа.Яагаад систем нь эвдэрсэнийг өөрөө ч ухаж ойлгохгүй атлаа, “Би уг нь эх орныхоо төлөө тэгсэн...” гэсэн ганц л үг амнаасаа унагана.Угтаа системийг хэрэгжүүлэх хамгийн чухал суурь бол мэдлэг чадвартай байх, бусдыг хүлээн зөвшөөрөх, үр дүнг хүлээх тэвчээртэй байх явдал юм.

 

“Системийг онол”-ын хамгийн энгийнээр...

1968 онд Людвиг вон Бэрталанфи хэмээх биологч Ерөнхий системийн онол гэж гаргасан ба түүний гол санаа нь нэг шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй үзэгдэл тогтоц олон шинжлэх ухааны нийлбэрээр тайлбарлагдах боломжтой гэсэн санаа байлаа.Түүний гаргасан онолд тулгуурлан системийн онол кибернтик, комплэкс адаптив систем “төвөгтэй дасан зохицох систем”, биоматрикс систем гэж чиглэлд хуваагдан хөгжсөн байна. Системийн онолын хамгийн товч тодорхойлолт бол the whole is more than sum of its parts- бүхэл нь хэсгүүдийн нийлбэрээс илүү утга агуулдаг. Системийн онолын гол судалгааны арга нь холистик буюу бүхлээр нь харах арга юм.Аливаа систем олон бүрэлдэхүүн хэсгээр бүрдэнэ, нэг бүрэлдэхүүн системийг бүхэлд нь өөрчилнө.Системийн ямагт тэнцвэрийг олох гэж оршино.Систем нэгдсэн зорилготой бөгөөд том системийн зорилго жижиг системийнхээ зорилгуудыг нэгтгэнэ.

Хүн гэдэг амьтан ганцаараа бол хамгийн сул дорой биет. Зэрлэг байгальд ганцаараа хэдэн өдөр ч байж чадахгүй.Харин хүн хамтаар амьдарч, хөдөлмөрийн хувиар гарган нэг систем болсоноор дэлхий ертөнц дээр хаанчилсан.Дэлхий ертөнц угтаа өчүүхнээс агуу маш олон системтэй.Нэг гэр бүл өөрөө систем, нэг сум систем, нэг аймаг систем, нэг улс систем.Гэхдээ тухай улс орнуудын хэн нь бусдаасаа илүү дотооддоо сенергэтик үүсгэж харилцан үйлчлэлд орж чадна тэр улс илүү хүчтэй илүү том систем юм.Тухайлбал, “Нэг Монгол нэг Японоос илүү харин 10 Япон 10 Монголоос илүү” гэж яриа бий.Тэгэхээр Япон хүмүүс Монголчуудаас илүү системд нэгдэж, илүү харилцан үйлчилж байна гэсэн үг.Дээр өгүүлсэнчлэн 21-р зуунд том системүүд буюу уялдаат чанар улам хүчээ авна.Баян орнууд улам баяжиж, мэдлэг чадвар, амьдралын чанараар улам бүр хол тасрах нь.Харин жижиг системүүд дасан зохицохын тулд уг том системд уусан шингэж түүний нэг хэсэг болно.Аливаа систем бүрэлдэн бий болохын тулд нэгдмэл үнэт зүйл дээр тогтож, нэгдсэн том зорилго дор нэгддэг.

Энгийн атлаа хамгийн хэцүү асуулт

Тэгвэл одоо өөрсдөөсөө асууя.Монголчууд бид нэг зорилго дор нэгдсэн систем болж чадсан уу?Герман хүмүүс чанар гэдэг брэнд нэрэн дор дэлхийн хамгийн бат бөх систем болж чадсан.Израйл улс Хуцпа философи дор Старт Ап үндэстэн гэх систем болж чадсан.Япон хүмүүс уламжлалт Бушидо ёсон дээрээ “хариуцлага” гэгч үгийг итгэл үнэмшилж болгож систем болж чадсан.Хятад дэлхийг төв гэж өөрсөддөө итгэж Күнзийн сургааль дор нэгэн систем болсон.АНУ Америк мөрөөдөл тэмүүллээр Протестант ёсоор нэгдсэн мужуудын систем болсон.Харин бидний үнэт зүйл юу юм бэ?Үнэт зүйл гэдэг бол нийтээр хүлээн зөвшөөрсөн зорилго юм.Хэрэв бидний зорилго, нэгдэл тодорхойгүй бол хэдэн сая удаа засгийн эрхийг аваад, солиод, солиороод, булаацалдаад яах юм бэ?

Физикт эцэстээ цаг хугацаа, орон зай гэж хоёрхон асуулт байдаг.Цаг хугацаа гэдэг бол бид хаана явнаа, бид хэн бэ гэсэн асуулт.Харин орон зай гэдэг бол би хаашаа явж байна вэ гэсэн асуулт.Энэ хоёр асуултанд хариулж чадвал системийн тулгуур асуултанд хариуллаа гэсэн үг.

Энгийнээр тайлбарлавал Монголчууд харилцан үйлчилж синергэтик систем болъё гэвэл юун түрүүнд “Бид хэн юм?” гэдгээ таньж мэдэх.Монголчууд гэж яг хэн бэ?Бид юугаараа бусдаас өөр юм, юугаараа бусдаас дутуу, юугаараа бусдаас давуу юм бэ?Хүн төрөлхтөнд бид юу өгч хариуд нь юу авч чадах юм?Би хэн бэ гэдгээ мэдсэн цагт л сая дэлхийн хөгжлийн хаахан нь яваагаа мэднэ.

Дараагын чухал алхам бол зорилгоо тодорхойлох.Хаана яваагаа мэдсэн тэр л үед хаана хүрэх зорилго тодорхой болно.Бидний зорилго юу вэ?Би яах гэж оршин буй үндэстэн бэ?Нигер улс алмазны орд дээрээ тогтдог улс.Хэрэв алмаз дуусвал Нигер дууслаа.Гэтэл Израйл газар нутаггүй, ямар ч ордгүй, дундын хэлгүй 2500 жилийн турш нэгдмэл оршин тогтносоор л байсан.Тиймээс бид нийлж юу идэхээ биш харин нэгдэж юу бүтээвэл дээр гэдгээ тодорхойлох, ойлгох шаардлага тулжээ.Нэг зорилго дор нэгдсэн, харилцан үйлчилдэг “синергетик” системээс илүү хүч дэлхийд байхгүй.Улс орныг шинэ тэмүүлэл, хөгжлийн философи, тодорхой зорилгоор цацарсан систем л хөгжүүлж чадна.

Энгийн атлаа хамгийн хэцүү хариулт

Хөгжлийн системээ босгохдоо анхаарах суурь ойлголт бол National Identity.National Identity гэх үгийг Монголчууд үндэсний онцлог гэж ойлгож ярих нь их.Хорвоо дээр ижилсэл, ялгарал гэж хоёр хууль байна.Нэгэнт national identity бол дотоодод буй соёлын ялгарал, онцлогийг тодорхойлсон явцуу ухагдахуун биш.Харин Монгол дотроо ижилсэж буй, талын нэг тарсан хүн зоныг нэгтгэж буй оюун санааны хүчин зүйл маань л “national identity”-гийн суурь нь.Ингээд нэгэнт үндэстэн даяараа ижилсэлээ олсон бол одоо тэр маань дэлхий нийтэд бидний ялгарал болно.

Өөр цустай, өөр царайтай АНУ яагаад оршин тогтноод байна.Учир нь тэр орны хүн бүр өөрсдөд байгаа ижил талаа мэдэж, мэдэрч, нягтарч байна.Эрх эрх чөлөө, үндсэн хууль, нэг хэл, амьдралын хэвшил, түүх гээд тэднийг нэгтгэж болох бүгдээ харж, сануулж, өвлүүлж байдаг.Гэтэл гурван сая гаруйхан хүн амтай, нэг цус, нэг хэл, нэг түүхтэй Монголчууд бид өдөр бүр л нам, нутаг ус, баян ядуу гээд бие биенээсээ юугаараа ялгаатай эрж хайж, гарган тавьж байна.Ялгаатай талаа хараад, шүтээд л байвал систем хэзээ ч нэг зорилго дор нэгдэхгүй.Системийн зорилго нь өөр өөр хүчийг дундын нэгдмэл үнэт зүйл, зорилгыг биелүүлхэд харилцан үйлчлүүлэх байдаг. Тиймээс бид өөрсдийн нэгдмэл оюун санааг таньж, нээж түүн дээрээ нэгдэхийг л Монгол Identity буюу Монгол ижилсэл гэж нэрлээд байна. Уг ижилсэлээ суурь болгож байж л хөгжил дэвшилд хөтлөх эдийн засаг, хууль эрх зүйн бодлогоо сая дээр нь өрж эхлэх ёстой.

Бидний зарчим тодорхойгүй байна

Хэдэн жилийн өмнө Японы ерөнхий сайд Шензо Абэгын айлчлалын үеэр түүний зөвлөхтэй нэгэн орой хэсэг хөөрөлдсөн юм.Түүний өгүүлснээр бол Наран улсын захиргааны эрх зүй АНУ-с импортолсон Мэрэйтын зарчимд суурилж бичигджээ.Гэхдээ Япончууд түүнээс илүү Бушидо ёсоо дагадаг байна. Зөвлөх, “Манай сайд дарга нар алдаа гаргавал шууд уучлалт гуйж ажлаа өгдөг нь Бушидотой холбоотой. Буцаад улс төрийн ертөнцдөө үлдэх виз ард түмнээс авахын тулд ёс суртахуунлаг үйлдэл хийж байгаа нь тэр.Харин хуулиар бол ажлаа өгөхгүй шүүхдээд яваад байж болно шүү дээ” гэж ярьж билээ.

Монголын хөгжлийн бодлого Монгол соёлд суурилах хэрэгтэй. Өнөөдөр Монгол 23 мянган ТББ байгаа гэдэг. Гэтэл хэдий зохион байгуулалт бүдүүлэг ч ижилсэл, соёл, амбиц, үнэт зүйл дээр суурилсан Нутгийн зөвлөл шиг нөлөөтэй ТББ-ын Монголын хаанаас эрээд олохгүй. Мянганы хөгжлийн хөтөлбөр гэж 20 мянган хүн цаг, хөдөлмөрөө зарсан хөтөлбөр гаргаж байсан одоо бараг мартагджээ. Гэтэл хэрэгжилт нь 15 хувьтай.Шалтгаан нь энгийн.Энэ нь Монгол соёл дээр суурилсан хөтөлбөр байгаагүй бөгөөд Монгол мөрөөдөл, Монгол зорилгыг өөртөө агуулсангүй.Хөтөлбөр гаргахаасаа өмнө бид хэн юм бэ?Бид юу хүсэж байгаа юм.Бид ямар зорилготой үндэстэн юм бэ гэдгээ тодорхойлоогүй цагт энэ мэт үргүй зардалтай ажил өрнөж, аманд ч үгүй, хамарт ч үгүй мартагдсаар л байх болно.Өнөөдөр ч Монголын хөгжлийн бодлогын зарчим тодорхойгүй байна.

Монгол тэмүүллийн эрэл...

Талийгаач Б.Чимэд багш докторантын эхний улиралын хичээл дээр, “Хуулийг шууд хуулснаас огт байхгүй байсан нь дээр. Хуулийг гаднаас авахдаа рецевцлэх буюу нутагшуулах гэж ойлголт бол суурь зарчим” гэж хэлж билээ. Гэтэл бид олон арван хууль, хөгжлийн гол гол хөтөлбөрүүдээс эхлээд наад захын төсөл гаднаас авахдаа үндэсний соёл, үнэт зүйл дээрээ суурилж Модернизаци хийх биш харин барууны орноос шууд хуулж өөрийнхөө соёлыг устгадаг Вестернизац хийсээр байна.

Одоо Монгол улс хөгжин цэцэглэхийн тулд заавал хийх ёстой эхний алхам бол цаашдын хөгжих Монгол зорилго, Монгол тэмүүллийг гаргах явдал юм.Засаг солигдох бүрд орвонгоороо эргэдэг зоригтой бодлогоо таягдан, Монгол хүн бүрийн ижилслээс урган гарсан, Монгол соёлын суурьтай, хүн төрөлхтөний шинжлэх ухаан, ололт амжилтыг шингээсэн үндэсний хэмжээний хөгжлийн хөтөлбөртэй болох ёстой.Энэ бол Монголын Шинэ тэмүүллийг бүтээх их үйлс юм.

 

Буянаагийн Ган-Очир