Өнөөдөр МАН-ын ээлжит Бага хурал эхэллээ. Бага хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьсан байна. Тэрээр улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, авлига, хямралаас эхлээд АН, МАХН, өөрийн намынхаа үйл ажиллагааны талаар онцлон дурдлаа. Түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг түүвэрлэн хүргэе.

 

Эдийн засаг, нийгмийн асуудлаар:

  • Олон мянган иргэн дундаж давхаргаас ядуу эмзэг бүлэг рүү шилжиж, улс орны хувь заяа эгзэгтэй агшинд тулж ирлээ
  • Тооцоо судалгаагүй зарцуулсан их мөнгө, өр зээл улс орны эдийн засгийг тэтгэх бус, хямралт байдалд орууллаа
  • Монгол өрийн хямрал нүүрлэсэн улс боллоо
  • Манай улсын гадаад өр 21.7 тэрбум ам доллар буюу 42.7 их наяд төгрөгт хүрлээ
  • 2011 онд 4.6 тэрбум ам долларт хүрээд байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 10.1 сая ам доллар болж 460 дахин буурлаа
  • Монгол Улсын итгэлийн индекс 109.8 байснаас 46.6 болж буурлаа
  • Манай улсын нийт өрхийн 40 гаруй хувь нь бага орлоготойд хамаарч байна
  • Жижиг бизнесийн өрхийн амьжиргаанд оруулах хувь нэмэр 60 хувиар буурлаа
  • 2012 онд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн 2 хүн тутмын нэг нь ажилд орж байсан бол энэ онд 5 хүний нэг нь ажилд орж байна
  • Манай улс нийгмийг ардчилах үйл хэргээсээ олон талаар ухарлаа

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар:

 

  • Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа
  • Төрийн тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьтай холбогдох зарчмын асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй
  • Өнөөгийн УИХ цаг хугацааны хувьд ч, хүлээн зөвшөөрөгдөх чанараараа ч уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Сонгуулийн хуулийн талаар:

  • УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх саналыг дэмжих боломжгүй, ийм ч шаардлага байхгүй
  • Сонгуулийн санал хураалтын хар машины дүнг гар тооллогоор давхар баталгаажуулах
  • Улс төрийн намыг биш хүнийг сонгодог тогтолцоог дэмжих
  • УИХ-ын гишүүн нэр дэвшсэн нам эвслээсээ гарвал эргүүлэн татах механизмыг бүрдүүлэх
  • Сонгуулийн маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх
  • Сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах
  • Сонгуулийн ерөнхий хороог татан буулгаж, “Сонгуулийн улс төрийн зөвлөл” гэх бүтцийг байгуулахыг дэмжихгүй
  • Саналын хуудсанд нам эвсэл, тэдгээрийн нэр дэвшигчийг бичихдээ улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлах зэрэг зургаан багц саналыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд зайлшгүй тусгах ёстой

Эрх баригч АН-ын талаар:

  • МАН засгийн эрх барихад эдийн засаг өсч, ард иргэдийн амьжиргаа дээшилж, АН засаг барьсан үед эдийн засаг уруудан, ард иргэдийн амьдрал доройтдог боллоо
  • Монгол Улс хөгжлийн шинэ сонголт хийсэн 25 жилд алдаа, оноо их байсан ч, Ардчилсан Нам голлож засгийн эрх барьсан сүүлийн гурван жил гаруй шиг улс төрийн харалган бодлого явуулж, эдийн засгаатартагт нь тултал доройтуулж байсангүй
  • Ард иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, олон ургалч үзлийг хавчин хяхах, буруутгах, хүч түрэн шийдэх явдал газар авлаа
  • АН эрх барьж буй үед ардчиллыг гажуудуулж байгаа явдал нь ардчилалд итгэж, дэмждэг олон хүмүүсийн итгэл алдрахад хүргэлээ
  • АН дотроо фракц, бүлэглэлд хуваагдан сөргөлдөж байгаа нь улс үндэсний нийтлэг эрх ашигт хохирол учруулах хэмжээнд хүрлээ
  • Ардчилсан нам засгийн эрх барьсан жилүүдэд авилга, хээл хахууль гаарч, нийгэм, ард иргэдэд ихээхэн хүндрэл бэрхшээлийг үүсгэж байна

Авлигын талаар:

  • Судалгаанаас үзэхэд санал асуулгад оролцогсдын 82.2 хувь нь Монгол Улс авилгад идэгдсэн гэж илэрхийлжээ
  • Авилгатай тэмцэх газрын үйл ажиллагааг “дээд дарга нарын захиалгаар ажилладаг болсон” гэж судалгаанд оролцогчдын 39.4 хувь үзсэн нь анхаарал татаж байна
  • Авилгын үндсэн шалтгааныг судалгаанд оролцогсдын 45 хувь нь төрийн үйл ажиллагаатай холбож байна
  • МАН-ын гишүүд авилгатай тэмцэх нийгмийн захиалгатай тулгарлаа

Намуудын рейтингийн талаар:

  • “Максима Консалтинг”-ийн судалгааны дүнгээр МАН-ын рейтинг 2014 онд 22,3 хувь байсан бол энэ оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 34.2 хувь болж өссөний дотор аймаг, орон нутагт 36.3 хувь, нийслэлд 32.1 хувьтай байна
  • Энэ хугацаанд АН-ын рейтинг 40.4 хувиас 30.8 хувь болж буурсан

МАХН-ын талаар:

  • Хэсэг ахмадууд сонгуулийн өмнө МАХН-тай эвсэж хамтрах талаар тодорхой санал тавьсан юм.
  • Зарим залуу гишүүд МАХН-тай хамтрах асуудалд судалгаа тооцоотой, болгоомжтой хандах талаар байр сууриа илэрхийлсэн
  • МАХН-ын удирдлагуудтай санал бодлоо хуваалцах, эхний уулзалтуудыг хийж байна
  • Дунд, доод шатны түвшинд хоёр намын гишүүд хамтран ажиллах талаар санаачлагатай байх нь зүйтэй
  • Хамтарч ажиллахад хүрвэл намуудын удирдлагууд асуудалд хувийн болон намын явцуу сонирхлын үүднээс биш, нийт ард түмний эрх ашгийг эрхэмлэх үүднээс хандаж шийдвэрлэнэ

 

Намынхаа асуудлаар:

  • “Бид хамтдаа” аянд 520 орчим мянган иргэн хамрагдаж, 60 гаруй мянган иргэн хариу захидал ирүүлсэн
  • Ардын намын ирэх сонгуульд ялах үндэс бол дотоод эв нэгдэл, нягт цул байдал
  • Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ачааны хүндийг, асуудлын хэцүүг УИХ дахь бүлгийн гишүүд үүрч ирлээ
  • Багийн зарчмаар ажиллаж чадвал бидэнд ялалт ойрхон байна
  • Монгол Ардын Намын өнөөдрийг хүртэл оршин байгаагийн гол хүч, амин нууц бол хамтын зарчим
  • Намын Удирдах зөвлөлийн гишүүнээс жирийн гишүүн хүртэлх бүх гишүүд, намын дээд удирдлагаас үүрийн дарга хүртэлх нийт сонгуультнууд үргэлжид “үгийн үнэ цэнийг эрхэмлэж” явахыг намын даргын хувьд сануулж байна
  • Намаасаа урваж шарвадаг, намаа сонин хэвлэлээр баттай баримт, нотолгоогүй шүүмжилдэг байдал гарч байна
  • Аймаг, орон нутгийн удирдлагуудын хоорондын таарамжгүй харилцаа, зөрчил маргаанаас үүдэн намын эрх ашгийг хохироосон ноцтой алдаа Дундговь, Завхан, Дорнод, Дархан-Уул аймагт гарлаа
  • Ярихаас өөр зүйл хийдэггүй, ярьснаа ажил болгодоггүй, өөрөөс хамаарах үүргээ биелүүлдэггүй гишүүд олширч байгаад шүүмжлэлтэй хандана
  • Хэлж, шүүмжилснээр биш хийж бүтээж, үр дүнд хүрснээр дүгнэнэ
  • Хамтын ялалтыг хувийн шуналаар худалдаж болохгүй
  • Нэр дэвших эсэхийг шийдэхдээ танил, албан тушаалын зиндаа, намд хэчнээн жил байсан эсэхээс илүү мэдлэг чадвар, нийгэмд танигдсан байдал, улс төрийн эр зориг, ачаа даах ноён нуруу, ёс суртахууны хариуцлагыг нэн тэргүүнд тавина
  • Ардчиллыг хөрөнгөжин баяжих хэрэгсэл болгож байгаа дүр эсгэгч нараас ардчиллаа аварцгаая
  • Иргэн бүрт тэгш боломж олгосон, шударга нийгэм бүтээхийн төлөө хамтдаа зүтгэнэ
  • МАН Монголоо уруудан доройтохоос аварч чадна
  • Монголоо ядуурлаас аврах түүхэн үүрэг Монгол Ардын Намд ногдож байна
  • Ялалтын түүхийг ХАМТДАА бүтээцгээе