УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Т.Гантулга нар өнгөрсөн бямба гаригт болсон МАН-ын III Бага хуралдааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. МАН-ын Бага хурлаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Нэгдүгээрт, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, намын дотоод ажил амьдралтай холбогдуулсан улс төрийн илтгэлийг М.Энхболд тавьж, хоёрдугаарт,Удирдах зөвлөлийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан илтгэлийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат төлөөлөгчдөд танилцуулжээ. Гуравдугаарт, хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, боловсон хүчнүүдтэй хариуцлага тооцох журмыг шинэчилж хэлэлцэж баталсан аж. Дөрөвдүгээрт, удахгүй УИХ болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бүх шатны сонгуульд нэр дэвших хүнийг хэрхэн сонгох вэ гэдгийг намын хэмжээнд дагаж мөрдөх журмыг гаргажээ. Тавдугаарт, хандив, татвар, хураамжийг намын хэмжээнд хэрхэн зохицуулах талаар санхүүжилтийн журам гаргахаар болсон байна. Төгсгөлд нь намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн байна. Сонгууль дөхөж буйтай холбогдуулан намын бүх шатанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаад Бага хурлын гишүүд санал нэгджээ. Тэр дундаа УИХ болон орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрхэн бэлтгэх вэ, одоогийн боловсруулж байгаа хөтөлбөрөө яаж чанаржуулах вэ гэдэгт ярилцсан байна. Зургаан сарын турш өрнүүлсэн "Бид хамтдаа" аян, долоо хоногийн хугацаатай явагдсан "Бид хамтдаа" үндэсний форумын үр дүнг эцсийн байдлаар үнэлж, цэгнэж иргэдийн саналыг сонсч мөрийн хөтөлбөрөө боловсруулах нь зүйтэй гэсэн олонхийн санал гарчээ. Энэ тухай МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Бид улс орны хөгжил, иргэдийн аж амьдралыг сайжруулах асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахын зэрэгцээ одоогоос гурван жилийн өмнө эдийн засаг, иргэдийн амьдрал ямар байсан тэр хэмжээнд хүргэх талаар МАН ямар байр суурь баримталж ажиллах ёстой вэ. Гарсан алдаа завхралыг хэрхэн яаж засч залруулах вэ, жил гаруйн дараа Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөөлөх гадаадад төлөх өр төлбөрийн асуудлыг хэрхэн төлөх вэ гэдгийг мөрийн хөтөлбөрт тухайн салбарынх нь мэргэжилтнүүдийнх нь санал дүгнэлтийг авч боловсруулах ёстой гэж шийдсэн" гэлээ. Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахын тулд Гүйцэтгэх байгууллагын гишүүдийн тоог Бага хурлаар нэмэгдүүлжээ. Баг хорооны түвшинд намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчид 5-7 байсан бол 7- 9, сум, дүүрэгт 7-9 байсан бол 9-11, аймаг, нийслэлийн хэмжээнд намын байгууллагын тэргүүлэгчид 7-13 байсан бол 13-17 , Удирдах зөвлөлийн гишүүний тоо 21 байсныг 29-31 болгожээ. Түүнчлэн намын Нарийн бичгийн даргаар нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааг Удирдах зөвлөлтэй уялдуулж ажиллах үүднээс МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарыг сонгожээ. Дээр нь Удирдах зөвлөлийн гишүүнээр НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа, Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очир, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, НАМОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, МАН-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Сү.Батболд, Шадар сайд асан У.Хүрэлсүх, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар нарын найман хүнийг оруулжээ. МАН-ын Бага хурлын 310 гишүүнээс 195-200 гишүүн өнгөрсөн бямба гаригийн хуралдаанд оролцож, санал бодлоо илэрхийлжээ. Асуудлаа эв нэгдэлтэй, нэгдмэл бодлого, зорилготойгоор төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэлэлцснийг энэ үеэр тодотгож байлаа. МАН-ын дарга М.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ яаж сонгохоор шийдвэрлэсэн бэ?

-Нэр дэвшигчийг хэрхэн сонгох вэ гэдэгт "Нэр дэвшигчийг сонгож, шалгаруулах" журмыг баталсан. Ер нь өмнө нь ч шууд хандивын хэмжээгээр нь нэр дэвшүүлдэг практик манай намд байхгүй. Сонгууль дөхөхөөр тухайн тойрогтоо гарах магадлал өндөртэй хүн хэн байна вэ гэдэгт төвлөрч ажилладаг. Бид шинэчилсэн журмандаа намын анхан шатны байгууллага, иргэдийн санал бодол ямар байгааг нэлээд харгалзаж үзэх бодолтой байгаа. Иргэдэд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг нь харгалзан аймаг, нийслэлийн намын хороон дээр үр дүнг нь нэгтгэж, УИХ-ын нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл, орон нутагт нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын байгууллага дээр ярилцаж эцсийн шийдвэр гаргана.

-Намын санхүүжилтээ шилэн болгох чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Улс төрийн намууд УИХ-д эзэлж байгаа суудлынхаа тоогоор тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг төсвөөс авдаг. Нөгөөтэйгүүр, гишүүдийн татвар хандивын асуудлыг сонгууль дөхөхөөр зохион байгуулна. Санхүүгээ бий болгож, энэ мөнгөөрөө сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөрөө олон түмэнд хүргэх ажлыг хийнэ. Манай намын санхүү намынхаа хүрээнд бол тодорхой байдаг. Бид өнөөдрийн дагаж, мөрдөж байгаа хуулийн дагуу гаргах ёстой бүх мэдээллийг ил гаргадаг.

-МАХН-тай нийлж, сонгуульд оролцох талаар Бага хурлын гишүүд ямар шийдвэрт хүрсэн -бэ?

-МАХН-ын тухайд гэвэл хоёр намын 30 гаруй ахмад гишүүд "2016 оны сонгуулийн өмнө угшил нэгтэй хоёр нам хамтарч сонгууль оролцох ёстой. Энэ талаар намын удирдлагууд санаачилгатай ажиллах хэрэгтэй байна" гэсэн бичиг өгсөн. Дараа нь намын идэвхитэн сонгуультан есөн залуу намын удирдлагуудад "МАХН-тай эвсэх асуудалд нухацтай ажиллах ёстой" гэсэн болгоомжлуулсан бичиг ирүүлсэн. Хоёр намын удирдлагууд сүүлийн үед уулзаж, ярилцаж, санал бодол солилцож байгаа зүйл бий. Ер нь сонгууль дөхсөн учраас намын дунд, анхан шатанд тухайн орон нутгийнхаа хэмжээнд МАХН-тай ойлголцож ажиллах үүрэг даалгавар өгсөн.

-Өмнө нь" Иргэдэд бэлэн мөнгө олгож байсан нь буруу шийдвэр боллоо" гэсэн шүүмжлэл сүүлийн үед нэлээд гарах боллоо. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

- АН-ын дарга миний улс төрийн илтгэл дээр гарсан өгүүлбэртэй холбогдуулан таны асуулттай ойролцоо асуудлыг дэвшүүлж тавьсан байна. Би болохоор "Тооцоо судалгаагүй, зорилго бодлого нь тодорхойгүй их хэмжээний мөнгө улс орны эдийн засгийг өөд нь татаж авч явах биш уруудан доройтуулдаг юм байна. Ер нь тооцоо бодлогогүй зүйл аливаа нэгэн зүйлийг муутгадаг буруутгадаг юм байна" гэсэн дүгнэлт хийсэн юм. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга өмнө нь тооцоо судалгаагүй 1.5 сая төгрөг, 21.000 төгрөг иргэдээ өгч байсан. Хэзээ ч эргэж ирэхгүй ийм мөнгөнүүд зарж байсан гэсэн агуулгатай зүйл бичсэн байна лээ. Тухайн үедээ УИХ, Засгийн газрууд шийдвэр гаргаж, иргэдэд бэлэн мөнгө өгч байсан. Үнэн хэрэгтээ гурван сая хүний ажил амьдрал ахуйтай холбоотой хүндрэл бэрхшээл учирсан асуудлыг тус нэмэр болох шийдэхийн тулд хийж байсан алхмууд. Төр улс гэж байдаг юм бол иргэний амьдрал ямар байна. Аргагүй хүндэрч байвал дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой гэдэг үүднээс хандаж байсан. Хүүхдийн мөнгө,1.5 сая төгрөгийг МАН дангаар засаг барьж байхдаа шийдээгүй. Өнөөдөр бол дангаар шийдсэн юм шиг өнгө аясаар ярьж байна. Гэхдээ энэ олгож байсан мөнгөнүүд иргэдийн амьдралд хэрхэн тус нэмэр болж байсныг иргэд олон түмэн орон нутагт явж байхад ярьж байна. Энэ мөнгө байхгүй болсноос амьдрал ахуй хэцүү боллоо гэж байна. Хөдөө, аж ахуй мал аж ахуй газар тариалангийн салбарт үзүүлж байсан дэмжлэгүүд үндсэндээ байхгүй боллоо. Үүнээс улбаатай махны үнэ ямар болов, газар тариалангийн салбарын ололт амжилт өнөөдөр ямар хэмжээнд очив. Иргэдэд олгосон 1.5 сая төгрөгийн сүүлийн нэг сая төгрөгийг 2012, 2011 оны үед иргэдэд олгосон. Тодорхой хэмжээний зээл тавьж олгосон. Нүүрс экспортолж байгаа компанитай 350 сая долларын гэрээ хэлцэл хийсэн. Ингэхдээ эргүүлж төлөх тооцоо судалгааг бүгдийг хийсэн байсан. Жишээ нь, Тавантолгойн Зүүн цанхийн дөрөвдүгээр үеийн нүүрсийг олборлож, борлуулж дуустал 10 жилийн хугацаанд Хятадын "Чалко" компанид нэг тонн нүүрсийг 70 ам. доллараар зарна гэсэн гэрээ хийсэн. Энэ бол 350 сая ам.долларыг эргүүлж төлөх эх үүсвэрийн тооцоо хийгдчихсэн байсан гэсэн үг. Гэтэл одоогийн эрх баригчид 2012 оны намраас эхлээд энэ гэрээ бол Монгол улсад ашиггүй, үр дүнгүй болсон гэсээр тэр гэрээгээ хүчингүй болгож, өнөөдөр өөрсдөө 20 ам.доллараар зараад сууж байх жишээтэй. Энэмэтчилэн олгосон мөнгөнүүд эргэж олгогдох тооцоо, бүх зүйлсийг уялдуулж авч үзэх ёстой. Өнөөдөр өр төлбөр нэлээд өссөн. Энэ мөнгө эргээд төлөгдөнө. Тэр тооцоог нь хийхгүйгээр ҮАБ-ын зөвлөл Чингис, Самурай бондын мөнгийг эргэж мөнгө нь төлөгдөх, эдийн засаг бизнесийг дэмжсэн ийм төсөлд гуравны нэг хувь хүртэл зарцуулаарай гээд байхад гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэлгүй зарцуулсан. Одоо жил гаруйн дараа эргүүлж төлөх асуудалд Монголчууд бид хүнд байдалд орох нь.

Ц.Тунгаа