Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн
2015/12/15
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 336 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх ажлыг Аж үйлдвэрийн яамнаас шат дараатайгаар зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн онд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн үр дүнд Батлан хамгаалахын салбар хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.
Тэгвэл өнөөдөр /2015.12.15/-нд боловсролын салбарт нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг Аж үйлдвэрийн яаманд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт “Монголын ойчид, модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо”, арьс ширний салбараас “Мон ланс” ХХК, “Хос Аз” ХХК, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг мэргэжлийн холбоод болон 20 орчим аж ахуй нэгж, байгууллага оролцож, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж санал, бодлоо солилцсон юм. Түүнчлэн өдөрлөгт Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БСШУЯ, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албан тушаалтнууд оролцов. Өдөрлөгийг нээж Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү үг хэлсэн бөгөөд тэрбээр “Боловсролын салбарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дотоод үйлдвэрлэгчидээс хангаснаар 6 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой” хэмээн онцолсон. Боловсролын салбарт зөвхөн сурагчийн ширээ, сандалны хэрэгцээнд жилд ойролцоогоор 2.3 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд Япон, БНХАУ зэрэг орнуудад үйлдвэрлэсэн сандал, ширээг нийлүүлдэг байна. Тодруулбал, импортын сурагчийн ширээ, сандал нэг бүр нь 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин дотооддоо үйлдвэрлэсэн сурагчийн ширээ, сандал 120 мянга орчим төгрөгийн үнэтэй байгаа юм.
Энэ талаар “Смарт солюшн” компанийн ерөнхий захирал Б.Пүрэвдорж “Бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Манай компани жилдээ 20-30 мянган ширхэг сурагчийн ширээ, сандал үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч одоогоор жилдээ 1000 орчим ширээ, сандал үйлдвэрлэж ихэвчлэн хувийн хэвшлийн сургуулиудад нийлүүлж байна. Дархан төмөрлөгийн үйлдвэрээс төмрөө авдаг. Тэгэхээр түүхий эдээ 100 хувь дотоодоосоо хангаж байна. Үнийн хувьд ч импортын ширээ, сандалнаас бараг нэг дахин хямд. Биднийг дэмжиж, хамтарч ажиллах юм бол салбарын хэрэгцээг хангахад бэлэн байна” гэв. Түүнчлэн ““Монголын ойчид, модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо”-ы зүгээс Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, эрүүл мэндэд харшлахааргүй ширээ, сандлыг үйлдвэрлэж байгаагаа энэ үеэр танилцууллаа. Ийнхүү Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан өдөрлөгт оролцсон үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод боловсролын салбарын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг хангахад бэлэн байгаагаа илэрхийлээд зогсохгүй Монгол хүүхдийн биеийн онцлогт нийцүүлсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан гутал, цүнх, дүрэмт хувцас, ширээ, сандал үйлдвэрлэж байгаагаа танилцууллаа.