Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Өлгий сумдын иргэдээс нэлээд өргөдөл, гомдол Авлигатай тэмцэх газарт иржээ. Тиймээс АТГ-ынхан Өлгий, Цэнгэл зэрэг сумдад ажиллаж авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явуулсан байна.

Тэгэхэд Цэнгэл сумын гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Күмисханыг холбогдох хууль тогтоомжийг зөрчин, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад томилсон байжээ. Тиймээс түүнийг томилсон тус аймгийн Засаг даргын 2014 оны А/409 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, 2015 оны Б/588 дугаар захирамжаар А.Күмисханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Пернегүль, Ногооннуур сум дахь сум дундын эмнэлгийн ерөнхий эмч А.Мухтар нарт албан тушаалын цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан аж.

Н.Ганаа