"Жаст ойл" компани 941 сая төгрөг, "Магнай трейд" компани хоёр тэрбум 368 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэр гарлаа
2015/12/17
ШӨХТГ-аас өчигдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. Тодруулбал, тэд мэдээллийнхээ эхэнд олны анхаарлыг зүй ёсоор татдаг арилжааны банкуудын иргэдээс авдаг нэг хувийн шимтгэлийн тухай мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, тус газраас банкуудыг иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдвэрлүүлж байсан.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ШӨХТГ-т холбогдох нэр бүхий есөн банкны нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж байсан. Ингэхдээ шүүхээс нэр бүхий есөн банкны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн юм.
Харин Дээд шүүхээс энэ хэргийг буцаагаад анхан шатны шүүх рүү шилжүүлээд байгаа билээ. Угтаа бол анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн ийнхүү давж заалдахаар болсон юм. Ингээд Т.Аюурсайхан даргын мэдээлснээр уг шүүх хурал ирэх лхагва гарагт 15:30 цагт Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байна.
Дараагийн мэдээллүүд нь зөрчил гаргасан ломбардууд болон шатахуун түгээх станцуудын мэдээлэл байсан юм. Тодруулбал, улсын хэмжээнд 1000 гаруй ломбард байдгаас 560 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж. Эдийн засаг хямарсан үед хамгийн их ашиг орлоготой байдаг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид "Иргэний хууль"-ийг зөрчсөөр байгаа тул ШӨХТГ-аас зөрчлөө арилгах шаардлагыг тэдэнд бүгдэд нь хүргүүлжээ.
Тухайлбал, тэд иргэдээс авсан эд зүйлс дээр алданги тооцохдоо хуульд заасан хэмжээнээс илүү хувиар боддог аж. Тухайн эд зүйлийг худалдсан тохиолдолд илүү гарсан мөнгийг зээлдэгчдэд эргүүлэн төлдөггүй зөрчил байдаг гэнэ. Тиймээс тус байгууллагаас ломбардны эздэд "Иргэний хууль", "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль"-ийн дагуу хэрэглэгчтэй хийх гэрээгээ өөрчлөх шаардлагыг тус, тус хүргүүлсэн байна.
Дараагийн нэг асуудал нь “Магнай трейд”, "Жаст Ойл” компаниуд 2013 онд нэг өдөр үгсэж шатахуун, дизелийн түлшний жижиглэн худалдаалах үнийг нэмсэн билээ. Тухайн үед ШӨХТГ- аас хоёр байгууллагын энэ үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм.
Улмаар “Жаст Ойл” компани 941 сая төгрөг, “Магнай трейд” компани хоёр тэрбум 368 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэр гарсан. Харин тухайн үед хоёр компани шүүхэд гомдол мэдүүлж, өнөөг хүртэл маргаан үргэлжилсээр байгаа. Тэгвэл өчигдөр ШӨХТГ-аас гурван шатны шүүхээр бүгдэд ялалт байгуулсан учраас хоёр компанид дээрх торгуулийг ногдуулахаар болсон байна.
Мөн нэр бүхий орон сууцны конторууд иргэдээс илүү төлбөр авдаг зөрчил илэрсэн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тухайлбал, “Богд Асар”, “Батбаян дулаан”, “Тэлмүүн орд", “Бадамлах нар” компаниуд иргэдийн орон сууцны төлбөр дээр 2400- 11 000 төгрөгийн илүү мөнгө cap бүр авдаг нь илэрсэн юм. Мөн “Таункомфорт”, "Азын завод’’, “Цонхлон үйлс” зэрэг компаниуд иргэдээс cap бүр 4-5 мянган төгрөгийг илүү авдаг нь илэрсэн билээ.
Тэгвэл эдгээр компанийн хууль бус үйлдэл бүрэн зогссон хэмээн мэдээлж байна. Дээрх дөрвөн компанийн гурав нь зарчлөө арилгаснаа мэдэгджээ. Харин “Богд Асар” компани иргэдээс илүү төлбөр одоог хүртэл авсаар байгаа аж. Тухайлбал, тус компани 1730 айлаас cap бүр 6000 төгрөг илүү авсан аж. Тэдний энэхүү үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлж таслан зогсоолгохоор болжээ.
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Зочин · 2015/12/17
zarim negiig ni tsaazal tsaazal.
Yalzaral luivar arai denduu gazar avj bna