Ойгүй баян гар гэдгээрээ Монгол түмэнд танигдсан Абдул Карим гэгч 60 гарч буй араб эр үнэндээ Ирак гаралтай, лалын шашинтан бөгөөд тэр дундаа шийтийн шашинтан юм. Хэдийгээр тэрбээр Иракийн цөөнх шийтийн шашинтан ч олонхи суннит шашинтны удирдагч Саддам Хуссейнийг дэмждэг байсан гэнэ. 2003 онд АНУ тэргүүтэй олон улсын зэвсэгт хүчин /энд дунд Монгол Улс оролцсон/ Иракт цөмрөн орж Саддам Хуссейн тэргүүтэй суннитуудын дэглэмийг нураан унагаж, 2006 онд Иракийн удирдагч Саддам Хуссейнийг цаазаар авсан.

Үүний дараа АНУ-ын дэмжлэгтэйгээр шийтүүд Иракийн Засгийн эрхэнд гарсан бөгөөд тэр цагаас хойш дотоодын шашин хоорондын тэмцэл ширүүсч, шийтүүдийн эсрэг халдлага, дайралт зэрэг террорист ажиллагаа маш ихээр үйлдэгдэж, одоо ч үйлдэгдэж, ялангуяа авлигын хэрэгт холбогдсон шийтүүдийг ангуучилж, цаазаар авах нь суннитуудын гол ажил болжээ. Тэгвэл Иракийн шийтүүд Засгийн эрхэнд гарсны дараа шийт Абдул Каримд Бээжинд улсаа төлөөлөн ажиллах боломж олджээ. Магадгүй суннитуудаас зугтаж Бээжинд ажиллахаар болсон байж болох юм.

Нөгөө талаас түүнийг Бээжин дэх Иракийн Элчин сайдын яаманд дипломатчаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдсон учраас шийтүүд нь шахаж, басхүү суннитууд нь ангуучилж эхэлсэн аж. Тиймээс Монгол Улсад орогнож улмаар 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монголын улсын иргэншил авсан юм. Бээжинд ажиллаж байхдаа Монгол уруу орж гаран бизнес хийдэг байсан хэн ч танихгүй Абдул Каримд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын иргэншлийг тун амархан өгсөн нь нөгөө л барууныг дэмждэг байдал нь нөлөөлөв бололтой. Тэгвэл харь нэгнийг бодвол харьцангуй ойр угсааны Халимагийн нэрт дуучин О.Цагаанзам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ихэд гомдож явдгаа нуугаагүй юм. Тэрбээр Ерөнхийлөгчид Монгол улсын иргэншил авах асуудлаар олон удаа хандаж байжээ. Юутай ч, Бээжинд улсаа төлөөлөн ажиллаж, басхүү Иракийн иргэншлээс татгалзан Монгол Улсын иргэншил авсан Абдул Карим 24 настай залуухан эхнэрээ Бээжинд биеэ үнэлдэг Монгол эмэгтэйчүүдийн дундаас олж авсан гэнэ. Учир мэдэх хүмүүсийн ярьсанаар Монголд юу ч үгүй орж ирсэн тэрбээр дуудлага худалдаан дээр Монголын толгой баячуудыг өрөвдөлтэй байдалд оруулахаар хэмжээнд хүртлээ хөлжжээ.

Түүнийг Монгол дахь шонхор шувуу номер нэг наймаачин гэх бөгөөд дэлхийн хамгийн баян улс Катарын хаадын гэр бүлтэй холбоотой ажиллан тэдэнд Монголоос шонхор нийлүүлдэг байна. Мэдээж тэрбээр шонхроос гадна Улаанбаатарт рестораны бизнес гэх мэт бага сага олон бизнес хийдэг. 1994 оноос гадагшаа шонхор шувуу гаргах болсон Монгол Улсаас жил бүр 300 гаруй шонхор гадагшаа гардаг байна. Гэхдээ энэ зөвхөн албаны тэмдэглэгдсэн тоо. Улсад багахан татвар төлсөн шонхор шувуу гадаадад гарахаараа нэг бүр нь 20 мянгаас 40 мянган ам.доллар хүрдэг гэдэг ч ганцхан шонхор шувуу л дутуу байдаг арабын баячууд үүнээс өндөр үнээр авдаг гэх. Шонхор шувуу дотроо цагаан шонхор хэмээх маш ховор шувуу Монгол Улсад байдаг ба энэ шувуу 40 мянган ам.доллар болон түүнээс дээш үнэлэгддэг гэнэ. Ямартай ч, хуучин муу балгасыг нь нурааж цэвэрлэн байж эзэмших 7 тэрбум төгрөгний үнэтэй газрыг торох юмгүй гурав нугалж 24 тэрбумыг өргөж байсан Абдул Карим "Чингис хааны талбайн хажууд газар авсандаа баяртай байна.

Энэ газарт тэнгэр баганадсан барилга барина” хэмээн мэдэгдэж байсан юм. Гэсэн ч олон нийт түүнд болон түүний бизнест хэт их анхаарлаа хандуулж байгаагаас төд удалгүй дуудлага худалдаанд орохдоо дэнчин болгож тавьсан 710 сая төгрөгөө бэлэглэн байж худалдаж авсан газраа буцаасан юм.

 

Төгс