УИХ-ын ээлжит сонгууль нэгэнт хаяанд иржээ. Нохойн дуу ойртох тусам хийж, бүтээсэн онцын зүйлгүй гишүүд сандралдан давхихын хажуугаар нэг, нэгэнтэйгээ нэгдэн нийлж, ирэх сонгуульд хүч үзэх тухай яриад эхэллээ. Өмнө нь МАН, МАХН- тай эвсэх тухай дуулдаж байсан бол одоо МАН, АН хамтрах тухай бодож байгаа юм байна. Энэ тухай МАН болон АН-ын нөхөд хэвлэл мэдээллээр хүртэл ярих боллоо. Тодруулбал хамгийн сүүлд буюу өчигдөр С.Эрдэнэ сайд телевизээр ярихдаа “АН ирэх сонгуульд МАН- тай хамтарч магадгүй. Ямар ч байсан намын удирдлагуудын түвшинд ярилцаж байгаа” гэв

Гэтэл МАХН болон МАН-ын ахмад гишүүд намынхаа удирдлагуудад 2016 оны сонгуульд МАХН МАН-тай хамтарч эвсэл болж орохыг уриалсан өргөх бичиг барьсан. Тэд “хоёр нам ирэх жилийн сонгуульд эвсэж орвол хүчтэй байж, үр дүнд хүрнэ” гэдгийг удирдлагууддаа энэ үеэр сануулсан юм байна.
Харин МАН-ынхан үүнд ихэд нухацтай хандаж байгаа аж. Мөн тус намын дарга М.Энхболд “Нэгдэх нь зүгээр шүү дээ” хэмээх үгийг унагасан гэх мэдээлэл бий. Найдлага тасраад буй АН болохоор МАН-ыг чангаагаад байгаа аж.
Эдийн засгийн хямралаас үүдэн гарсан хор уршигийн нөлөөгөөр АН-ын нэр хүнд унаад зогсохгүй ирэх сонгуульд ялалт байгуулах боломжгүй байгаа нь олон нийтэд ил харагдаж байгаа. Гэтэл ирэх сонгуульд ирээдүйтэй байж магадгүй гэгдэх МАН, нэр хүндгүй болсон АН –тай нэгдвэл юу болох вэ. Олгиархууд бүгдээрээ хүрч хавсарвал, иргэд их цэвэрлэгээ хийхийн төлөө нэлээд, хүчин чармайлт гаргаж мэдэх юм. Гэвч намууд эвсэж, хамтарснаар өнгөрсөн үеүүдийн улс төр дахин үргэлжлэх вий гэхээс ард иргэд айдастай болж байгаа.

Н.Чимэг