“Моннис Девелопмент” компани болон Э.Бат-Үүл дарга дахин төлөвлөлт нэрээр иргэдийг хохироож байна
2015/12/17
Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гарган, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа билээ. Уг ажлын нэг нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор дахин төлөвлөлтийн 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайгаас 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 ААН төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Харин энэ онд 1500 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулна гэж байсан ч 400 орчмыг нь оруулаад байгаа ажээ.
Өмнө нь гүйцэтгэгч компанийнхан иргэдтэй газар чөлөөлөх ажлаас эхлэн маргаан үүсгэж байсан билээ. Мөн хэрэгжүүлэгч компанийнхан иргэдийн газрыг чөлөөлж авчихаад ажлаа эхлүүлэхгүй хугацаа алдаж байгаа тохиолдлууд ч гарсаар байгаа юм байна. Мөн түүнчлэн иргэдтэй гэрээ байгуулан газрыг нь авсан ч гэрээнд тусгасан хугацаандаа байраа ашиглалтад оруулж чадахгүй, иргэдийн байр түрээслэх мөнгийг нь ч олгохгүй байх тохиолдол хүртэл гахрах болжээ.
Тухайлбал нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороонд дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон “Моннис Девелопмент” компани газар чөлөөлж авсан иргэдийнхээ түрээсийн мөнгийг өгөхгүй байгаа юм байна.
Тодруулбал тухайн компани нь байр ашиглалтад орох хүртэл амьдарх орон сууцны түрээсийн мөнгө болох 700 мянган төгрөгийг Д.Тэгшбаярынд цаг тухай бүрт нь өгч байжээ. Харин энэ он гарсаар уг мөнгөө 300 мянга болгон бууруулсан байна. Одоо болохоор 300 мянган төгрөгөө ч өгөхгүй болж, тухайн өрхийг хүнд байдалд оруулаад байгаа юм байна. Тиймээс Д.Тэгшбаяр хотын удирдлагууд болоод гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзах гэсэн боловч түүнийг огт тоож, хүлээж авдаггүй бөгөөд хөөж буцаадаг аж.
Н.Ганаа