Шинжлэх ухааны салбарын санхүүжилтыг ДНБ-ий 2 хувьд хүргэе
2015/12/21
Монгол Ардын намын дарга М.Энхболд шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүнээр найм дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээндээ Одон орон, геофизик судалгааны хүрээлэнгийн 2015 оны ажлын тайлантай танилцлаа. МАН-ын дарга М.Энхболд өмнө нь Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ажиллаж байхдаа шинжлэх ухааныг дэмжих чиглэлд үр дүнтэй олон ажлуудыг хэрэгжүүлж байжээ. Үүний нэг нь газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай комисс байгуулсан явдал юм. Энэ удаа Одон орон, геофизик судалгааны төвийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, судалгаа, шинжилгээний ажлуудыг үзэж сонирхлоо. МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Одон орон судлалын ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж, судалгааны ажлуудтай танилцлаа. Олон жилийн турш ашигласан техник, тоног төхөөрөмж бусад оронд ашиглаж байгаа техникиудыг бодвол чанар, хурдын хувьд хоцрогдолтой байна. Гэсэн хэдий ч Монголын эрдэмтэд олон улсын эрдэмтэн, судлаачидтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа. Би намын Бага хурлын илтгэл болон "Бид хамтдаа" үндэсний форумын хаалтын үгэндээ улс орны цаашдын хөгжилд шинжлэх ухааны байгууллагын гаргасан бодлого, шийдвэрийг дэмжиж байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүгээр ч зогсохгүй ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх хэмжээнд шинжлэх ухааны салбарын санхүүжилтыг цаашдаа Монгол Улс төлөвлөж, тооцоолж явах ёстой. Хөгжсөн улс орнуудыг судлаад үзэхээр шинжлэх ухааныг эхлээд хөгжүүлж байж түүнийгээ хүчинд тодорхой салбаруудыг яаж хөгжүүлэх вэ гэдэг шийдлийг гаргасан байдаг. Тиймээс Монголын олон жилийн түүхтэй шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тогтвортой байлгаж, мэргэжилтнүүдийг өмнө нь бэлтгэж байсан тогтолцоо системээр бэлтгэх нь зүйтэй " гэсэн юм.