Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн прокуророос Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Л.Гансүхэд 4,6 жил хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг 4 жилээр хасаж, Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Тэгвэл энэ шийдврийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг яг одоо Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өглөөнөөс эхлэн хэлэлцэж байгаа. Дөнгөж сая шүүх хурал завсарласан байна.

Л.Гансүхийг уг шүүх хуралд хорих агиас онлайнаар оролцуулж байгаа бөгөөд ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажиглагчаар оролцож байгаа ажээ.

Шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.

 

А.Баярмаа