Их эзэн Чингис хааны зурагтай үнсний сав “Номин” их дэлгүүрт худалдаалж байна гэсэн хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийн дагуу ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд улсын байцаагчдын хамт газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа.

Үндэсний бахархалт хүний дүрслэл бүхий тамхины үнсний савны зориулалттай бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-д “Монгол улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон”, 7.4.6-д “хүнлэг ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” гэж үзэж улсын байцаагчийн албан шаардлага өгч худалдаанд гаргахыг хориглолоо.

“Номин” их дэлгүүрийн зүгээс ШӨХТГ-ын албан шаардлагыг хүлээн авч, уг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан аваад байна.