Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар өчигдөр 0.5 км авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авах шийдвэрийг гаргав. Эдийн засаг хямарсан энэ жилийн нийслэлийн төсөв хаанаа ч хүрэхгүй байна гэсэн нийслэлийн тэргүүлэгчид маань нэг км авто замыг хэдэн төгрөгөөр тавьдагийг мэддэггүй юм уу эсвэл мэдэхийг хүссэнгүй юу.

Чингисийн өргөн чөлөөг Олимпийн гудамжтай холбосон буюу Гэрлэх ёслолын ордны урдах дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2014 оны аравдугаар сард нийслэлийн Авто замын газрын захиалгаар "М Си Эс Проперти" ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар ЭСТО ХХК шинэчлэн барьжээ. Зам шинэчлэгдсэнээр хоёр урсгалтай байсан хуучин зам дөрвөн урсгалтай болж, замын хоёр хажуугаар 587 м газарт ус зайлуулах байгууламж, 1234 м урт L-хэлбэрийн хашлага суулгасан гэнэ.

Уг замын ажил өнгөрсөн аравдугаар сард дуусаж, Улсын комисс хүлээн авахдаа хамгийн сайн гэсэн үнэлгээгээ өгөхөөс гадна хотын төв хэсгийн түгжрэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр айлджээ. Дээрх авто зам ашиглалтанд орсон ч хотын зам түгжирж байгааг захын иргэдээс асуухад хэлээд өгнө.

Дээрх замыг "М Си Эс Проперти" ХХК хувийн хөрөнгөөр барьж, нийслэл худалдан авах гэрээг тухайн үед хийсэн байна. Уг 0.5 км авто замыг худалдаж авах мөнгөн дүнгийг 2015 оны Нийслэлийн төсвийн тодотгол хийх үеэр худалдан авах хөрөнгийг шийдсэн аж.

"М Си Эс Проперти" ХХК-ийн хувьд уг замыг тавих бас нэгэн шалтгаан нь Shangri-La зочид буудлын үйлчлүүлэгчдийн автомашин зорчих юм.

Ямар авто зам гэхээрээ 0.5 км авто зам 1.5 тэрбум төгрөгөөр баригдсан учрыг гайхаад олохгүй байна. Гэтэл энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 км авто замыг 6.1 тэрбум төгрөгөөр барьсан. Дээрх мөнгөн дүнгийг 11 км авто замд хуваахад 1 км авто замыг дунджаар 556 сая төгрөгөөр барьсан дүн гарч байгаа юм. Мэргэжилтнүүдийн хувьд ч нэгж км замын өртөг 515-530 сая төгрөгт багтдаг гэдгийг хэлж байсан удаатай. Иймд 0.5 км авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авах арай л үнэтэй биш үү гэж хотын удирдлагуудаасаа асуумаар байна.

Т.Буянаа