Баянхонгор, Говь-Алтай аймгуудад өвөлжилт хүндэрчээ
2015/12/22
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар өвөлжилтийн байдалтай танилцаж, үнэлгээ хийх зорилгоор Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг энэ сарын 16-29-ний өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэгт ХХААЯ, ЭМСЯ, ЗТЯ, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-ын албан тушаалтнууд багтан, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллах юм.
Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мөсөн ул тогтож, мал бэлчих аргагүй болжээ
Энэ жил Баянхонгор аймгийн 20 сумын 104 багийн 11.859 өрхөд 3.7 сая мал өвөлжих бөгөөд зарим суманд байдал нэлээд хүндэрсэн байна. Гурванбулаг суманд Архангайн Хангай, Завханы Отгон, Их-Уул сумаас 17 мянган мал орж ирснээс бэлчээр хүрэлцэхээ байжээ. Мөн Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг, Заг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ. Харин Баян-Овоо суманд намар орсон цас хайлж, мөстсөний дараа нэмж цас орсноос мөсөн ул тогтож, мал бэлчих аргагүй болжээ.
Өнгөрсөн зун зуншлага оройтсон, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй, малын тоо 2.6 саяас гурван сая болж өссөн нь үүнд нөлөөлжээ. Аймгийн хэмжээнд энэ жил 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн бол аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэх ёстой ч өвсний 78, тэжээлийн 32.9 хувийг бүрдүүлжээ.
Баянхонгор аймгийн нутагт тал газартаа 10-30 см зузаан цастай, Байдраг суманд өдөр бүр цас хялмаалж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлжээ.
Говь-Алтай аймгийн зургаан суманд өвөлжилт хүндэрчээ
Энэ жил Говь-Алтай аймгийн хэмжээнд 6688 тн өвс, 468 тн тэжээл, аюулгүйн нөөцөд 160 тн өвс, 30 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 730 тн өвс, 182 тн тэжээл бэлтгэсэн байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд 10-40 см цастай, өвөлжилт хүндэрсэн байна.
Энэ жил Ховд аймгийн хувьд нийт 4.2 сая мал өвөлжих бол өвөлжилтийн бэлтгэлээ 90 хувьтай хангажээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөнххайрхан, Мөст сумын нутагт уул болон тал газартаа 15-20 см цастай, нэмж орвол өвөлжилт хүндэрч болзошгүй байна.