Шинжлэх ухааны 10 цуврал ном нийслэлийн сурагчдын хүртээл болно
2015/12/23
Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласны дагуу манай эрдэмтэн, судлаачид хүүхэд залуучуудад тусгайлан зориулж “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүллээ. Цуврал бүтээл 10 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд бүгд хүүхэд залуусын гарт очих юм. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэхээр болжээ.
ЦУВРАЛ 10 НОМЫН НЭЭЛТ, НОМ БЭЛЭГЛЭХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2015 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ 11.00 ЦАГТ ШУА-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗРЫН 6 ДАВХАРТ 604 ТООТОД БОЛНО. /СТӨ-Б КОРПУС/
Номын нээлтэд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, цуврал 10 номын зохиогчид, Нийслэлийн боловсрол соёлын газрын удирдлагууд болон номыг сонирхон уншсан хүүхэд багачууд оролцох юм.
Тус цуврал бүтээл нь физик, хими, биологи, ботаник, палеонтологи, түүх, археологи, философи зэрэг шинжлэх ухааны олон салбар чиглэлийн мэдлэгийг хүүхэд, залууст энгийн, ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд цаашид жил бүр тасралтгүй цувралаар гарах юм. Цуврал бүтээлийг дараагийн ээлжинд 21 аймгийн ЕБС-ийн сурагчдад хүргэх юм.
Цуврал 10 бүтээлийг танилцуулж байна. Үүнд:
- Академич Р.Тогоо “Орчлонгийн үүсэл”
- Академич Ц.Оюунсүрэн, доктор Ш.Болдбаатар “Амьдралын үүсэл”
- Доктор Б.Батсүрэн ”Монголчуудын уг гарвал”
- Академич Б.Чадраа “Цахилгаан”
- Доктор Д.Цэвээндорж, доктор Я.Цэрэндагва “Монгол орон: археологийн баян галерей”
- Доктор Я.Ариунчимэг, доктор Л.Уранбилэг “Монгол орны эртний амьтан ургамал”
- Доктор Я.Адъяа, доктор Б.Мэндсайхан “Монгол орны экологи ба амьтад”
- Доктор Х.Түмэннасан “Генетикийн гайхамшиг”
- Академич Ж.Тэмүүжин, доктор Г.Сэвжидсүрэн “Нанотехнологи”
- Доктор С.Соёлмаа, магистр Б.Цэрмаа “Орчлон ертөнцийн тухай хүмүний ухаарлын дүр зураг”