Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүүлийн үед гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаах, гэр оронгүй болох эрсдэл гарсаар байна.

Сэрэмжлүүлэгийг ОБЕГ-аас өгсөөр байхад иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж гал алдах тохиолдол гарсаар байна. Өчигдөр л гэхэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байдаг Ардчилсан намын байрны сахиул айлын гэр шатаж байна. Энэ тухай дуудлага 2015.12.23-ны өдрийн 19:55 цагт ОБЕГ-т ирж Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт Р /3 настай, эрэгтэй/, А /2 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна.

2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 4377 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж гал түймрийн аюулд 34 хүн түлэгдэж гэмтсэнээс 10 нь хүүхэд байна. Гал түймрийн улмаас 50 хүн нас барсаны 12 нь бага насны хүүхэд байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

А.Баярмаа