-Өөрийн гараар бэлдсэн зүйлийг хүнд өгөх шиг сайхан таашаал байдаггүй-

 

Тун удахгүй бид 2016 онтой учран золгох гэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүн бүхэн өөр өөрийн хүлээлтээр шинэ оноо угтахад хэдийнэ бэлэн болжээ.

 

Энэ удаад бид алс хол Африкийн ядуу буурай иргэдэд тусалж, хүмүүнлэгийн үйлс зохион байгуулдаг Э.Цэлмэг гэх бүсгүйтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

 

 

-Танд шинэ оны мэнд хүргэе. Таны амьдарч буй Африкт хүмүүс шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

 

-Баярлалаа. Танд ч бас шинэ оны мэнд хүргэе. Африкт олон янзын шашин шүтлэгтэй хүмүүс байдаг учраас шинэ жилийг янз бүрээр л угтдаг. Зарим нь баяр ёслолын хэмжээнд тэмдэглэдэг байхад зарим нь ач холбогдол өгдөггүй. Тухайлбал, Танзанид Мусульман шашинтай хүмүүс их байдаг. Тэр хүмүүс шинэ жилийн баяраар ажиллахгүй амардаг ч баяраа тэмдэглэдэггүй. Харин Христийн шашинтай хүмүүс маш өргөн хүрээнд тэмдэглэдэг. Тэд бие биедээ бэлэг өгч, гэр бүлээрээ тэмдэглэдэг. Ер нь бол шашин шүтлэгээсээ хамаардаг л даа.

 

-Таны хувьд Африкт очсоноосоо хойш шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэв?

 

- Миний хувьд Танзана улсын Занзибар арал дээр хамгийн мартагдашгүй шинэ жилээ тэмдэглэж байлаа. Тэнд шинэ жилийн баярыг маш өргөн тэмдэглэдэг учраас тэнд гадаадын жуулчид очих их дуртай. Бүтэн сарын турш үдэшлэг болно. Уг нь Занзибар арал Мусульман шашинтай мөртлөө жуулчдад зориулан шинэ жилийн үдэшлэг зохион байгуулдаг. Гэхдээ тэнд амьдардаг нутгийн уугуул иргэд болон Масайчууд бараг шинэ жил гэж мэддэггүй юм билээ.

 

-Та энэ жилшинэ оноо хаана угтах вэ. Занзибар арал дээр очих уу?

 

-Би яг одоо Танзани улсаар явж байна. Энд амьдардаг иргэдийн олонхи нь ядуу буурай учраас шинэ жилд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энгийн л нэг өдрүүд шиг өнгөрүүлдэг гэсэн. Тэдний хувьд шинэ жил зүгээр л нэг өдөр. Энд өөрсдийн гэсэн сүсэг бишрэлтэй, уламжлал ёс заншлаа одоог хүртэл хадгалсаар ирсэн 800 мянган иргэн амьдардаг. Ихэвчлэн нүүдэллэн, ан гөрөө хийж амьдардаг юм билээ.

 

Бие хамгаалагч. Бааз дээр маань зэрлэг амьтад их ирдэг болохоор Масай хүмүүс байнга дагаж, хамгаалж явах ёстой юм байна.

 

-Саяхан та Африк хүүхдүүдийг баярлуулсан байсан. Тэр талаараа сонирхуулаач?

 

-Энэ сарын эхээр би өвлийн өвгөн аавын хамтаар Африкийн бяцхан хүүхдүүдэд хөрөг зураг бүхий гарын бэлэг өгсөн. Анхны хөрөг нь тэдний хувьд маш том бэлэг болсон байх гэж бодож байна. Сүүлийн сар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон эцэг эхчүүдийн зургийг авч шинэ жилийн баярын бэлэг болгон өгсөн. Ингэж өөрийн гараар бэлдсэн зүйлийг хүнд өгөх шиг сайхан таашаал байдаггүй юм билээ.

-Африкийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөрөг бүхий гарын бэлэг өгч баярлуулж буй нь-

 

-Та таван тивийн 20 гаруй улсаар аялсан гэдэг. Хамгийн мартагдашгүй шинэ жил аль улсад тохиож байв?

 

-Би Орос, АНУ, Австраль, Африкийн Танзани, Малави зэрэг улсуудад шинэ оныг угтаж байсан. Ингэхдээ шинэ жилийг тухайн байгаа газартаа зохицуулаад л бусдын адил тэмдэглэдэг. Өөр өөр улсад тэмдэглэх хэдий сонирхолтой ч гэсэн Монголдоо эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж байсан шинэ жил хамгийн гоё нь.

-Орон нутгийн байгаль хамгаалалд хувь нэмрээ оруулна-

 

 

-Энэ шинэ жилээр та хүмүүнлэгийн үйлс зохион байгуулсан уу?

 

-Нэг их хүмүүнлэгийн үйлс зохион байгуулсангүй. Монголд байгаа Болдкогийн цэцэрлэгийн төсөлд өөрийнхөө зүгээс багахан хэмжээний тусламж явуулсан. Бас Г.Загдаа гуайн төрийн бус байгууллагын хүүхдүүдэд бэлэг авч өгөөрэй гээд тусламж илгээсэн. Ер нь зун нь бизнес хийж олсон зарим орлогоо шинэ жилээр хүүхдүүд баярлуулахад зориулдаг. Тэгээд бас өвлийн улирлыг ихэвчлэн аялж өнгөрүүлдэг.

 

-Э.Цэлмэгийг Танзани улсаар аялж явахад хамгаалсан бяцхан зоригтон Масай хөвгүүн-

 

-Хүн бүр шинэ жилээс ямар нэгэн зүйлийг хүсэн хүлээж, олон зүйлийг төлөвлөдөг. Таны хувьд?

 

-Энэ шинэ жил бол онцгой шинэ жил. Нөхөр, охид бид гурав анх удаа хамтдаа шинэ оноо угтах гэж байна. Мөн ирэх жил намайг их ажил хүлээж байгаа. Монголдоо дөрвөн сард очоод, аялал жуулчлалын компанидаа маш олон өөрчлөлт хийхийг зорьж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалах ажилд бизнесийнхээ хажуугаар хувь нэмэр оруулах төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн орон нутгийн аялал жуулчлалын бүсэд амьдардаг иргэдийг ажилтай, орлоготой болгоход анхаарч, гар урлалд сургахыг зорьж байна. Үүнээс гаднахөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ харж, асардаг монгол ээж, аавуудыг гар урлал болон бусад ажил хийхэд нь туслах хүсэлтэй байгаа. Ер нь бол шинэ ондоо зорьсон, төлөвлөсөн ажлууд их байна. Ингэж төлөвлөх болсон нь Африкт аялал жуулчлалын бизнес эхлүүлснээс гадна хүмүүнлэгийн ажилчдын хичээл зүтгэлээс суралцсантай холбоотой.

 

 

Нөхөр хүүхдийн хамт зул сарын баярын өдөр Танзани улсад.

 

 

 

-Нууц биш бол та шинэ жилийн бэлэг болгож охиндоо юу өгөхөөр төлөвлөж байна вэ?

 

-Охиндоо нэг их чихэр, жимс гэхээс илүүтэй хүссэн зүйлийг нь авч өгдөг. Энэ жил охиндоо лего тоглоом авч өгсөн.

 

 

-Цаг зав гарган бидэнтэй холбогдсонд баярлалаа. Шинэ ондоо зорьж төлөвлөсөн бүх ажил, үйлс тань биелэх болтугай.

 

-Баярлалаа. Танд болон танай хамт олонд шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт хүсэе.

 

П.Жаргал

Эх сурвалж: http://www.eagle.mn/