16 аймгийн 50 сум цагаан зудтай байна
2016/01/04
Улсын онцгой комиссын хурлаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилго бүхий Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн орон нутагт ажилласан ажлын тайланг Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 21 аймгийн өвөлжилтийн байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой шуурхай бүлэг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдаж, 2015 оны 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллажээ. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргахад 12 дугаар сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 110 сум зудархуу байна. Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.
Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 48 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгийн асуудлууд, улсын нөөцөөс үнэгүй болон үнэ хямдруулан олгох өвс, тэжээлийн тухай Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрсэн 16 аймагт хуваарилж байгаа хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдлийн бүсэд байгаа малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч, нэгдсэн удирдлагаар хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Улсын онцгой комисст ирүүлэхийг өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Мөн Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 2011-2013 онд бүрдүүлсэн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн тэжээлийг 50 хувь хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зэрэг хууль бус явдлаас урьдчилан сэргийлж, хянал тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт даалгалаа.