“Бид нэг гэр бүл” хандивын аян үргэлжилсээр байна
2016/01/05
“Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан, спортын мастер Батцэнгэлийн Батхишиг яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон учраас хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь хамтран “Бид нэг гэр бүл” хандивын аян өрнүүлж эхэлсэн. Учир нь БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохын тулд дунджаар 110 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Тиймээс сайн санааны хандивын аяны эхлэл болгон Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооноос сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид болон легионеруудын халз тоглолт хийж, тоглолтын орлогыг Б.Батхишигийн эмчилгээнд хандивлахаар төлөвлөсөн юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд Спортын төв ордны “А” зааланд болсон тоглолтыг “Харанга” хамтлагийн дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн нээн "Батхишиг дүүдээ хурдан эдгээрэй, Хишиг ерөөе" хэмээн өөрийн "Толин хул" дуугаараа үзэгчдийг огшоосон бол реппер Цэцэ мөн найзынхаа төлөөх халуун сэтгэлээр хүрэлцэн ирж үзэгчдэдээ ая дуугаар мэндчилсэн юм.
Энэхүү халз тоглолт эхнээсээ маш сонирхолтой, ширүүн өрсөлдөөн дунд болох нь ойлгомжтой байсан. Учир нь, өмнөх халз тоглолтуудад хоёр хожигдол дараалан хүлээсэн легионер тоглогчид бууж өгөхгүй, хожлын төлөө бүх хүчээ дайчилна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ. Ийнхүү сэтгэл зүйн дайралт хийгээд эхэлсэн тэдний өрсөлдөгчид болох Азийн наадмын шилдэг найман багийн нэг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид ч бэлтгэлээ сайтар хангасан, хожино гэдэгтээ итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл сагсан бөмбөгийн халз тулаан ширүүхэн өрнөж, 97:104-ийн харьцаатай легионеруудын ялалтаар өндөрлөсөн юм.
Бидний анд найз Б.Батхишигт хандив цуглуулах зорилгоор зохиогдсон эл тоглолтын үзэгчдийн суудал дүүрэн байсан бөгөөд сагсан бөмбөг хэмээх их гэр бүлийнхэн халуун сэтгэлээр нэгдэж, нэг цул болж чаддагийг харуулсан тоглолтын талаар одоо ч гэсэн ам дамжин яригдсаар байна.
Монголчууд маань нэгнийхээ төлөө нэгдэн нийлж, зүтгэж чаддаг гэдгийг энэ удаад ч батлав. Найман настай балчраас 80 настай буурай гэдэг шиг хүүхэд залуучуудаас аваад ахмад буурлууд ч тоглолт үзэхээр ирсэн байв. Тоглолтын үеэр Монгол Улсын их сургуулийн харьяа "МУИС-МБМ", "SBL Хасын хүлэгүүд", "Танан гарьд", "Эрдэнэдрийлинг-Ригс" баг, Монголын хөлбөмбөгийн холбоо, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, "D" клубийн ерөнхийлөгч Н.Бүрэнбат, "Москва" их дэлгүүрийн удирдлагууд, Японы Аомори мужийн Засаг даргын орлогч Наруо Ютака нар хандив өргөсөн билээ.Тоглолтын завсарлагын үеэр нэгэн таатай мэдээг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг дуулгасан юм. Тэрээр ““Ардчилал” сонин бол манай Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн байгууллага. Энэ сонины ажилтан Батхишиг маань Солонгос улс руу эмчилгээнд явахаар төлөвлөж байгаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хувьд Солонгосын Сэтгүүлчдийн холбоотой болон Эрүүл мэндийн нийгэмлэгтэй хамтын ажиллагаатай байдаг. Тиймээс эвлэлийн зүгээс тус байгууллагуудад манай Батхишигийн эмчилгээнд бодитой тусламж үзүүлээч ээ гэсэн хүсэлт тавьсан. Удахгүй нааштай хариу нь ирэх байх. Харин өөрийнхөө зүгээс амьдаадаа зориулж дансанд нь хандив хийсэн байгаа гэв”. Мөн энэ үеэр манай сонины эрхлэгч Ц.Цолмон тоглолтыг үзэж сонирхохоор ирсэн болон тусламжийн гараа сунгаж буй хүмүүст хандаж сэтгэлийн үгээ хэлэв. Тэрээр “Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонд хэн ч бэлэн байдаггүйг бүгдээрээ харж байна. Энэхүү хандивын тоглолтод хүрэлцэн ирсэн хүмүүст Батхишигийнхээ, хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Дөнгөж сар гаруйхны өмнө зүв зүгээр ажлаа хийгээд явж байсан сэтгүүлч дүү минь өнөөдөр эмнэлгийн орон дээр та биднээс амь амьдрал хүсч байна. Батхишиг маань сониндоо таван жил тууштай ажилласан дүү минь билээ.
Сониныхоо нэрэмжит тэмцээнийг удирдан зохион байгуулж ирснээс гадна Өдөр тутмын сонины холбоо, БНСУ-ын хоорон дахь нөхөрсөг тэмцээн, МСНЭ-ээс зохион байгуулдаг тэмцээнд багаа ахлан амжилттай оролцож алт, мөнгөн медалийг авчирч ирсэн сэтгүүлч-тамирчин билээ. Хамгийн сүүлд гэхэд сар гаруйхны өмнө МСНЭ болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд багаа удирдан тоглож мөнгөн медаль авсан. Даруу төлөв зантай дүү минь, архи дарс гээд муу зуршлаас хол хөндий хүн гэдгийг онцлон хэлмээр байна. Монголын үндэсний сагсан бөмбөгийн шигшээ багийнхан, дотно найз Өрнүүнбилэг, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Нэгдүгээр эмнэлгийн дарга Бямбадорж болон тус эмнэлгийн эмч нар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, өдөр тутмын сонины эрхлэгч нар, БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин гээд олон хүнд “Ардчилал” сонины хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүгдийн итгэл зүтгэлээр миний дүү удахгүй энэ зааландаа ирж, дүүлэн нисэх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Энэхүү сайн үйлсийн хандивын халз тоглолтын билетийн орлогоос 11,250,000₮-ийг цуглуулж чадсан бөгөөд халз тоглолтын үеэр бусад сайхан сэтгэлт хүмүүс 3 сая орчим төгрөгийн хандив өгч нийт 14 сая орчим төгрөгийг цуглуулж чадсан юм. Халз тоглолтоос олсон бүх орлогыг Спортын мастер Б. Батхишигийн эмчилгээний зардалд зориулахаар түүний аав Батцэнгэл, төрсөн дүү нарт нь Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, легионер тоглогчид, МҮСБХ-ны удирдлагууд тоглолтын дараа гардуулан өгсөн юм. Энэхүү “MNBA CARE-БИД НЭГ БҮЛ” сайн үйлсийн аянд нэгдсэн сагсан бөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчид, Үндэсний шигшээ багийн баг тамирчид, легионер тоглогчид болон тэднийг тус тоглолтод оролцлох зөвшөөрлийг олгосон багийн эзэд, Б.Батхишигийн багын найз нөхөд болон монголчууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн тоглолтыг үзэхээр баг бүрэлдэхүүнээрээ ирж хандив өргөсөн Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин дасгалжуулагчтай чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо, өдөр тутмын сонин, телевизүүд, "Есүхэй мэргэн" сурын холбоо, МоАХ-ны хамт олон, "IT" паркийн хамт олон болоод хандив өргөсөн хувь хүн, албан байгууллагуудад талархах нь зүйн хэрэг. Түүнчлэн, хандив цуглуулах аянд урлаг, спортын алдартнууд ч сайн дураараа нэгдэж эхэлснийг уншигч та анзаарсан биз ээ. Жишээлбэл, Монгол Улсын гавьяат тамирчин, Лондонгийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, “Харанга” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, чөлөөт бөхийн шигшээ багийнхан, жүдо бөхийн шигшээ багийнхныг дурьдаж болно. Өвөрмонголчууд ч “Бид нэг гэр бүл” хандивын аянд нэгдэж, Б.Батхишигт хандив цуглуулж эхлээд байгаа тухай “Нэр төр, эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Наранцогт дуулгасан билээ.
С.Өрнүүнбилэг: Дорноговь аймагт хандивын тоглолт болно
/Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч/
-Найз маань сагсан бөмбөгийн гараагаа Дорноговь аймгаас эхэлж, лигийн багуудад тоглосон. Өнгөрсөн сард шигшээ багийнхан легионеруудтай халз тоглосон байгаа. Харин энэ удаад нутгийнхан маань Батхишигт сэтгэлийн хандив өргөхөөр “Сэтгэл зүрхээрээ нэгдэцгээе” уриан дор 2016 оны байгууллагын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар боллоо. Тэмцээн энэ сарын 8-10-ны хооронд аймгийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулагдана. Тэмцээний хураамж болгож баг бүрээс 50 мянган төгрөг авна. Энэхүү хураамж нь Батхишигийн маань эмчилгээний зардалд хандивлагдах юм. Тиймээс Дорноговь аймгийн залуучуудаа тэр дундаа Батхишигийн маань найз нөхөд, хамт суралцаж байсан, нэг багт хамтдаа зүтгэж байсан андуудыг нь энэ хүмүүнлэгийн үйлст нэгдээсэй гэж хүсэх байна. Мөн уриалмаар байна.
С.Тулга:Удахгүй шигшээгийн тамирчдын хувцсыг дуудлагаар худалдана
/Монголын үндэсний шигшээ багийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
-Манай холбооноос хүмүүнлэгийн “Бид нэг гэр бүл” хэмээх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Эл хүмүүнлэгийн ажил маань манай залуу тамирчин Батхишигийнхээ эмчилгээний зардалд зориулагдаж байгаа юм. Батхишиг маань энэхүү спортод маш олон жилийг зарцуулсан. Үндэсний шигээ багийнхны адилаар сагсан бөмбөгөөр Батхишиг гэдэг нэр хүндээ олж авсан. Тиймээс бид чадахаараа туслахаар хүмүүнлэгийн ажил эхлүүллээ. Гэхдээ ганцхан удаагийн үйл ажиллагаа зохион байгуулаад өнгөрөхгүй. Хөтөлбөр болгож нэг, хоёр, гурав гэсэн үе шаттайгаар явуулна. Эхний ээлжинд Үндэсний шигшээ багийнхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ легионеруудтай халз тоглолоо. Харин удахгүй шигшээ багийнхны болон легионеруудын тоглолтын хувцсыг дуудлага худалдаанд оруулна. Ингэхдээ онлайнаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн залуучуудын шигшээ багийнхныг легионеруудтай тоглуулах бодол бий. Энэ мэт хийхээр төлөвлөсөн ажил их байна.
Сиднэй хотод амьдардаг монголчууд маань хандив цуглуулжээ
“Бид нэг гэр бүл” аяныг ОУХМ Б.Одбаяр, ОУХМ Г.Ихбаяр, Б.Батхишигтэй хамт МУИС-ийн баг болон Дээд лигт хамтдаа тоглож байсан спортын мастер Д.Лхагвасүрэн нар Австралийн Сиднэй хотод ажиллаж амьдардаг монголчуудынхаа дунд явуулжээ. Энэ талаар ОУХМ Б.Одбаяр цахимаар дамжуулан дуулгалаа. Тэрээр “Бид нэг гэр бүл аяны хүрээнд сагсан бөмбөгийн спортын мастер Б.Батхишигийн эмчилгээний зардалд зориулан Австрали улсын Сиднэй хотод ажиллаж, сурч, амьдарч байгаа сагсан бөмбөг сонирхогч залуусаа уриалж хандив цуглууллаа. Энэхүү хандивын үйл ажиллагаа гурав хоног үргэжлэн 33 хүн оролцож нийтдээ 1160 ам. доллар цуглаж Б.Батхишигийн Хаан банкны дансанд 1,646,040.00 төгрөг шилжүүллээ. Хурдан эдгээрэй анд минь! Энэхүү хандивт оролцсон Сиднэй хот дахь монголчууддаа баярлалаа” гэжээ.