Сүүлийн өдрүүдэд нас барагсдыг уламжлалт аргаар хөдөөлүүлэх, эсвэл чандарлах тухай маргаан нэлээд гарах боллоо. Үүнийг зарим нь бизнесээ булаацалдсан хүмүүсийн хэрүүл гэж ойлгоод өнгөрч байгаа. Уг нь энэ нь бизнес байлаа ч маш урт холыг харж хийх хэрэгтэй ирээдүйн тухай асуудал байгаа юм. Учир нь хүн бүр энэ хорвоод төрдөг тэгээд зарим нь богино зарим нь урт насална хожим бүгд л нас барна.

Тэднийг уламжлалт аргаар хөдөөлүүлээд талийгаач бүрийн төлөө нэг чулуу босгоно, монголчууд олуулаа болох бодлого барьж байгаа гэж бодохоор магадгүй хожим монголын газар нутаг нэлэнхүйдээ оршуулгын талбай болж хувирах магадлалтай байна. Талийгаачдыг чандарлуулах хүсэлтэй ар гэрийнхэн цөөн биш байдаг ч өртөг өндөртэй учир манай улсын ядуу нийгэмд энэ арга нь зохидоггүй бөгөөд одоогоор олонхыг хамарч чадахгүй байгаа. Гэхдээ хээр хөдөөлүүлэх, газарт булах аргыг орчин цагт өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Угаас дээрх арга нь маш цөөхөн хүн амьдарч байсан үеийнх бөгөөд нэлээд эртний арга юм байна.

Тодруулбал монголын газар нутгаас олдож байгаа олон сүг зурагт оршуулгын ёсонд холбогдох сүг зураг байгаагаас үзвэл оршуулгын зан үйл одоогоос 3-4 мянган жилийн тэртээгээс хөгжиж эхлэсэн байгаа юм байна. Тухайлбал, Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутагт оршин буй Ноён уулнаас МЭӨ VII-I зуунд холбогдох Хүннү хүний булшнаас эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс, торгоны өөдөс, алтан ялтсаар урласан нар сар, хүний хөрөг зэрэг нэлээд олджээ. Иймэрхүү ахуй амьдрал, сүсэг бишрэлийн өнгө аястай эд зүйлс олдож байгаагаас харахад чулуун зэвсгийн түрүү үеэс оршуулгын төлөв байдал нилээд төлөвшиж эхэлсэн байна гэж судлаачид үзэж байгаа юм байна.

Монголчуудын оршуулгын хэлбэр нь голдуу шороонд оршоох, усанд урсгах, галд өргөх, салхинд хатаах, төмөрт авслах зэргээр таван махбодод харгалдсан байдаг. Ийм зан заншилтай боловч сүүлийн үед байгаль орчны нөхцөл, нийгэм улс төрийн байдал, ахуй амьдралын бололцоо, шашин суртал зэрэг олон шалтгааны улмаас голдуу шороонд оршуулах, галд өргөх, хээр хөдөөлүүлэх зэрэг гурван зүйлийн оршуулгын хэлбэрийг ашиглаж байна.

За нөхцөл байдал ийм байтал Бурханч лам Г.Пүрэвбат арай өөр зүйл ярьчихлаа. Тодруулбал энгийн хүмүүсийг нас барахаар нь чандарлаад, “Ясны чого” номоор ясыг нь цэвэрлээд, нунтаг шороо, 25 зүйлийн зайтай холиод хэвэнд барлаж, барласныгаа хатаагаад тоосго мэт хатууруулан биежүүлж шүтээн болгох хэрэгтэй гэнэ. Мөн тэрбээр уг шүтээнээ олон жижиг сац болгоод ойр дотнынхон, үр хүүхдүүдийнх тоогоор тарааж өгөөд хадгалуулах ёстой гэж зөвлөдөг юм байна. Тэгэхээр түүний хэлснийг мөрдвөл бид нас барсан хүний тоогоор нэг хатуу жижиг эд хадгалж явах ёстой юм байна. Бидний ойр дотны хичнээн хүн нас барах билээ. Хэдэн үеэрээ хадгалах аваас хэдэн зуун хүний хичнээн зүйлийг хаана хожим хэрхэх гээд олон асуудал гарч мэдэх нь.

Манай улсын оршуулгын талбай өдөр ирэх бүр хүрээгээ тэлсээр байгааг хэн хүнгүй мэднэ. Оны өмнөхөн гэхэд л дахин 740.000 метр газрыг оршуулгад зориулан олгосон байна. Ямартай ч эл асуудлыг ашигтай бизнес болголгүй улсын бодлогоор, ирээдүйд халгүй болгон өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

 

Н.Ганаа