2015 оны 12-р сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 4-р ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Хүү гурван өдөр ухаангүй байсаар 2015 оны 12-р сарын 26-ны өдөр нас барсан.

Уг хэрэгт цагдаагийн албан хаагчийг буруутай байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэж байсан юм. Улмаар талийгаачийг танил хүүгийн аав нь зодсон хэмээн өнөөдөр шалгагдаж байгаа. Талийгаачийн гэр бүлийнхэн хүүхдийн үхэлд цагдаа хамаатай байх магадлалтай гэдгийг хэлж байна. Бид талийгаачийн төрсөн ах Ц.Чанцалгүмэнтэй ярилцсан юм.

- Талийгаачийн үхэлд цагдааг хардах хэд хэдэн үндэслэл байгаа гэсэн. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

- Хардах хэд хэдэн үндэслэл байгаа. Талийгаач зодуулсныхаа маргааш нь ангийнхаа хүүхдүүдэд цагдаад балбуулаад толгой өвдөөд байна. Та нар битгий шуугиад бай гэж хэлсэн байсан. Мөн хичээлээсээ харих замдаа биеийн байдал нь муудахад дэлгүүрт орсон. Улмаар тухайн дэлгүүрийн худалдагчид мөн цагдаад балбуулаад гэдгийг хэлсэн.

Хоёрт, талийгаачийг цагдаагийн газарт байх үеийн бичлэгүүд. Бичлэгүүдийг бүтнээр нь огт үзүүлээгүй. Том дэлгэцэн дээр тухайн цагдаагийн газрын бүх камерыг хянадаг. Тэгэхээр талийгаачийг цагдаагийн газарт орсноос эхлээд аль өрөөнд ороод тэр нь аль камерт шилжиж байна энэ бүхнийг үзье гэхэд боломжгүй гэсэн. Танай дүүгийн орсон бичлэгүүдийг л үзүүлсэн. Бүгдийг нь үзүүлэхгүй байгаа нь сэжигтэй санагдсан.

Гуравт, түүвэрлэсэн тэр бичлэгүүдээс үзэхэд талийгаач нэг тонгойсон, нэг удаа толгойгоо бариад доошоо болсон. Талийгаачийг зодсон байж болзошгүй Ахлах дэслэгч Б.Б камер гардаггүй хэсэгт дүүтэй хамт хоёр минут хэртэй болсон бөгөөд энэ үеэр хөл алдаж байгаа харагдсан. Мөн энэ үеэр тэдний дэргэд байсан Бат-Оргил гэх илт цочирдсон байдалтайгаар тэдний зүг харсан. Ажлаа хийж байгаа хүн илт тэгж цочирдож харахгүй шүү дээ.

Дөрөвт, Бичлэг дээр Бат-Оргил гэх цагдаа талийгаач руу далайж, мөр рүү ёворч байсан. Цагдаа хүн байцаалт авахдаа тэгж хандах ёсгүй гэдгийг хүн бүхэн мэднэ.

Тавд, Дүү маань Ахлах дэслэгч Б.Б-с утсаа авахдаа айж дальдчиж байсан. Бат-Оргил гэх цагдааг далайж ёворч байхад дальдчаагүй хүүхэд яагаад Ахлах дэслэгч Б-гээс утас авахдаа айсан байх уу?

Зүв зүгээр цагдаагийн байгууллага руу орсон хүүхэд гараад явахдаа баруун хөл нь доголоод юм түшиж явсан. Талийгаачийг ахлах дэслэгч Б.Б үүд хүртэл хүргэж байгаа бичлэгүүд бий.

Зургаад, Дүүг өнгөрсний дараагаар Ахлах дэслэгч Б.Б дэлгүүрийн худалдагч болон камер хянаад явж байсан. Өөрөөр хэлбэл дүүг маань өнгөрсөн хэргийг Ахлах дэслэгч Э.Өлзийжаргал гэж хүн шалгаж байхад Ахлах дэслэгч Б.Б хувиараа мөрдлөг хийгээд явсан нь хардлага төрүүлж байна.

Долоод, Хэргийг мөрдөж байгаа Э.Өлзийжаргал бидэнд худал хэлсэн. Худлаа хэлсэн нь бичлэгээр батлагдаж байгаа.

- Хувиараа мөрдлөг хийсэн гэдэг нь анхаарал татаж байна?

- Дүүг өөд болсон өдрөөс хувийн мөрдлөг хийж эхэлсэн байх. Тэрнээс өмнө ч байж магадгүй. Дэлгүүрийн худалдагчийн эхнэртэй уулзсан. Бид талийгаачийн хэрэг явдалтай холбоотойгоор аймгийн шуурхай мэдээллийн удирдлагын төвд очиход Ахлах дэслэгч Б.Б талийгаачийн хэргийн талаарх камерын бичлэгийг шүүж байсан.

- Та бол талийгаачийн үхэлд Ахлах дэслэгч Б.Б буруутай байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна ?

- Тийм.

- Ахлах дэслэгч Б.Б-ийн аав нь хууль сахиулах байгууллагад нөлөө бүхий ажил хийдэг гэсэн?

- Б.Б-ийн аав дэд хурандаа Батбаяр нь Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны дарга. Өмнө нь Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан.

- Талийгаачийн үхэлд хамаатай байж болзошгүй Б-ийн аав дэд хурандаа Батбаярын ахалдаг Шүүх шинжилгээний албанд эхний задлан шинжилгээг хийсэн байх нь ээ?

- Тийм. Талийгаачийг нас бардаг өдөр эмнэлгийн дарга н.Энх-Амгалан задлан хийлгэх үү гэж асуухаар өрөөндөө дуудсан. Хийлгэнэ гэдгээ мэдэгдээд ярилцаж байхад л задлан шинжилгээнд орох ёстой эмнэлгийн дарга, эмнэлгийг морг хариуцсан бага эмч болон манай гэр бүлийн төлөөллийг оруулалгүйгээр эхний задлан шинжилгээг хийсэн.

- Тиймээс дахин задлан шинжилгээнд оруулсан юм уу?

- Шүүх шинжилгээний хүрээлэнгээс эмч Ганболд гэж хүн 12-р сарын 31-ны өдөр ирж хоёр дахь удаагийн задлан шинжилгээ хийсэн.

- Хэргийг мөрдөж эхэлж байхад цагдаагийн байгууллагаас цагдаа энэ хэрэгт хамаагүй гэдгийг мэдэгдсэн?

- Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга нь энэ хэрэгт цагдаа буруугүй гэдгийг мэдэгдсэн. Хоёр хүүхдийн гар утасны маргаанаас нэг хүүхэд нас барсан, эзэн холбогдогчийг олсон гэсэн агуулгатай мэдээлэл өгч байсан. Задлан шинжилгээний хариу гараагүй байхад ингэж мэдэгдэж болох уу?

- Та бүхэнд хардах эрх байгаа. Энэ хардлагаа арилгуулахаар хаана хаана хандаад байгаа вэ?

- Цагдаа бол эрүүл аюулгүй байдлыг сахин хамгаалдаг тэр ч утгаараа цагдаагийн нэр хүндийг сэвтүүлэхгүйг хичээх нь тодорхой. Бид цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийг бус зөвхөн Б.Бямбасүрэнг хардаж байгаа. Тиймээс тусгай дугаар 1111, цагдаагийн 126 дугаарт залгаж мэдээлэл өгсөн. АТГ, Улсын мөрдөн байцаах газарт хандаад байгаа. Бид хардах үндэслэлтэй болоод хардаж байгаа. Хэн нэгнийг буруутгалаа гээд талийгаач маань босоод ирэхгүй. Цагдааг л буруутгах гээд байгаа юм биш. Үнэхээр хардах асуудал байгаа болохоор хандаад байгаа.

Талийгаач хүүгийн гар утсыг МСҮТ-ийн 10 гаруй хүүхэд дээрэмдсэн байна. Тэрнээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч байгаа шиг талийгаач хүү бусдыг дээрэмдээгүй ажээ. Харин энэ асуудлыг сэжигтнээр татагдаад байгаа С.Батсүрэн буруу ойлгосноос үүдэн хүүг микро автобустай хөөж бариад “алгадсан”. Талийгаачийг цагдаад хүргэж өгсөн бөгөөд а/д Б.Б зодсон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түүнийг шалгуулах хүсэлтэй байгааг хохирогчийн тал хэлж байлаа.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор цагдаагийн байгууллага болон хүүхдийг зодсон байж болзошгүй ахлах дэслэгч Б.Б-ээс энэ талаар тодруулан хэргийн газраас бэлтгэсэн сурвалжлагыг цувралаар хүргэх болно.

А.Баярмаа