2015 оны 12-р сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 4-р ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Хүү гурван өдөр ухаангүй байсаар 2015 оны 12-р сарын 26-ны өдөр нас барсан.

Уг хэрэгт цагдаагийн албан хаагчийг буруутай байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэж байсан юм. Улмаар талийгаачийг танил хүүгийн аав нь зодсон хэмээн өнөөдөр шалгагдаж байгаа. Талийгаачийн гэр бүлийнхэн хүүхдийн үхэлд цагдаа хамаатай байх магадлалтай гэдгийг талийгаачийн төрсөн ах Ц.Чанцалгүмэн хэлж байсан юм. Тэрбээр: “Хардах хэд хэдэн үндэслэл байгаа. Нэгд, Талийгаач зодуулсныхаа маргааш нь ангийнхаа хүүхдүүдэд цагдаад балбуулаад толгой өвдөөд байна. Та нар битгий шуугиад бай гэж хэлсэн байсан. Мөн хичээлээсээ харих замдаа биеийн байдал нь муудахад дэлгүүрт орсон. Улмаар тухайн дэлгүүрийн худалдагчид мөн цагдаад балбуулаад гэдгийг хэлсэн.

Хоёрт, талийгаачийг цагдаагийн газарт байх үеийн бичлэгүүд. Бичлэгүүдийг бүтнээр нь огт үзүүлээгүй. Том дэлгэцэн дээр тухайн цагдаагийн газрын бүх камерыг хянадаг. Тэгэхээр талийгаачийг цагдаагийн газарт орсноос эхлээд аль өрөөнд ороод тэр нь аль камерт шилжиж байна энэ бүхнийг үзье гэхэд боломжгүй гэсэн. Танай дүүгийн орсон бичлэгүүдийг л үзүүлсэн. Бүгдийг нь үзүүлэхгүй байгаа нь сэжигтэй санагдсан.

Гуравт, түүвэрлэсэн тэр бичлэгүүдээс үзэхэд талийгаач нэг тонгойсон, нэг удаа толгойгоо бариад доошоо болсон. Талийгаачийг зодсон байж болзошгүй Ахлах дэслэгч Б.Б камер гардаггүй хэсэгт дүүтэй хамт хоёр минут хэртэй болсон бөгөөд энэ үеэр хөл алдаж байгаа харагдсан. Мөн энэ үеэр тэдний дэргэд байсан Бат-Оргил гэх илт цочирдсон байдалтайгаар тэдний зүг харсан. Ажлаа хийж байгаа хүн илт тэгж цочирдож харахгүй шүү дээ.

Дөрөвт, Бичлэг дээр Бат-Оргил гэх цагдаа талийгаач руу далайж, мөр рүү ёворч байсан. Цагдаа хүн байцаалт авахдаа тэгж хандах ёсгүй гэдгийг хүн бүхэн мэднэ.

Тавд, Дүү маань Ахлах дэслэгч Б.Б-с утсаа авахдаа айж дальдчиж байсан. Бат-Оргил гэх цагдааг далайж ёворч байхад дальдчаагүй хүүхэд яагаад Ахлах дэслэгч Б-гээс утас авахдаа айсан байх уу?

Зүв зүгээр цагдаагийн байгууллага руу орсон хүүхэд гараад явахдаа баруун хөл нь доголоод юм түшиж явсан. Талийгаачийг ахлах дэслэгч Б.Б үүд хүртэл хүргэж байгаа бичлэгүүд бий.

Зургаад, Дүүг өнгөрсний дараагаар Ахлах дэслэгч Б.Б дэлгүүрийн худалдагч болон камер хянаад явж байсан. Өөрөөр хэлбэл дүүг маань өнгөрсөн хэргийг Ахлах дэслэгч Э.Өлзийжаргал гэж хүн шалгаж байхад Ахлах дэслэгч Б.Б хувиараа мөрдлөг хийгээд явсан нь хардлага төрүүлж байна.

Долоод, Хэргийг мөрдөж байгаа Э.Өлзийжаргал бидэнд худал хэлсэн. Худлаа хэлсэн нь бичлэгээр батлагдаж байгаа.” Гэдгийг хэлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД ДАРНА уу

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор энэ талаар ЦЕГ-аас тодруулахад: Өвөрхангай аймагт дунд сургуулийн сурагч амиа алдсан хэрэг гарсан. Үүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад явж байна. Тухайн амиа алдсан хохирогч хүү өмнө нь айлын хүүхдийн гар утсыг дээрэмдсэн юм билээ.

Утсаа дээрэмдүүлсэн хүүгийн эцэг талийгаач хүүд гар хүрч, хоёр удаа алгадсан юм билээ. Үүнд эрүүгийн хэрэг үүсгээд хүүг зодсон гэх аавыг саатуулан шалгаж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг цагдаагийн байгууллагын алба хаагчид ямарваа нэгэн хүч хэрэглэж, аминд нь хүрсэн зүйл байхгүй. Тухайн цагдаагийн хэлтэс 100 хувь камерын системтэй аюулгүй байдлаа хангасан газар.

Тэр хүү цагдаагийн байгууллагад ирээд 01:30 минут болсон. Гар хүрсэн, ямарваа нэг асуудал болоогүй. Камерын бичлэгийг шалгаад үзэхэд байхгүй, хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд тэр бичлэгүүд хэрэг болох үүднээс прокурорын газарт шилжүүлэн өгсөн байгаа” гэв.

Мөн хүүхдийг зодсон байх магадлалтай гэгдээд байгаа Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Б.Б –тай утсаар холбогдсон юм. Тэрбээр хуралд орох гэж байгаа болохоор тайлбар өгөх болон ярих боломжгүй байна гэдгийг хэлсэн юм.

Одоогоор сурагч хүүгийн үхэлд танилынх нь аавыг буруутган саатуулаад байгаа. Харин сурагчийг зодсон байж болзошгүй Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Б.Б ажлаа хийгээд явж байгаа юм. Бид энэ хэргийн талаар эргэн талаар мэдээлэх болно.

А.Баярмаа