Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 245 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 113 нь орон байр, автомашины эд ангийг хулгайлах гэмт хэрэг байсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тиймээс иргэд гэрэлтэй, камертай газруудад машинаа тавих, амбаар саваа бат бөх цоожоор цоожилж байх, хөршийн хяналтаа сайжруулж, байрныхаа ойр орчмыг камержуулахын зэрэгцээ гэрэлтүүлэгт анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 5-р хорооныхон СӨХ-оо татан буулгаж, өөрсдөө гэрэлтүүлгээ хийхийн зэрэгцээ ойр орчмыг камержуулсан. Үүнээс хойш тус хороонд гэмт хэрэг гараагүй ажээ.

Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн хэвлэл мэдээллийн ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Саруултуяатай ярилцлаа.

- “Хөршийн хяналт” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацааг үдлээ. Хөтөлбөрийн хэрэгжилт хэр үр дүнгээ өгч байна вэ?

- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэрэг, орон байрны хулгайгаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн идэвх оролцоо, санаачилгад суурилсан “Хөршийн хамгаалалт” амгалан тайван байдлын тогтолцоо бий болгохоор тусгагдсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас холбогдох алба, хороо, дүүргийн удирдлага, иргэдтэй хамтран “Хөршийн хяналт” хөтөлбөрийг нийслэлийн 30 гаруй хороонд хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хороонуудад гэмт хэрэг зөрчил буурсан үзүүлэлт гарах болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд тухайн ойр орчмын газруудад гэрэлтүүлэг камержуулалтыг суурилуулж, хөршийн харилцаа холбоог сайжруулсан. Ингэснээр орон байрны гэмт хэрэг харьцангуй буурч байна.

- Хулгайн гэмт хэрэг ямар үед өсдөг вэ?

- Өмнө нь “чоно борооноор” гэгчээр шөнө орон байрны хулгай гардаг байсан бол, одоо өдрийн цагаар орон байрны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай болсон. Хулгайч нар тухайн айлыг судалж, ажилд явсан, анхаарал суларсан үед гэрт нь орох, машины эд анги хулгайлах явдал гарч байна. Тэр дундаа баяр ёслолын үеэр аль болох гэр орон, эд хөрөнгөө эзэнгүй, хараа хяналтгүй орхих хэрэггүй. Жишээ нь өнгөрсөн шинэ жилийн баярын өдөр буюу 12 сарын 31-нд орон байрын хулгайн хэрэг 46, нэгдүгээр сарын 1-ний өдөр 19 тус тус бүртгэгдсэн байх жишээтэй.

- Халаасны хулгай буурахгүй байгаа нь иргэд анхааралгүй байна уу? Хулгайч нарын арга нарийсаад байна уу?

- Автобусанд зорчиж явсан иргэдийн халааснаас гар утас, мөнгө, эд зүйлс хулгайлах хэрэг огт буурахгүй байгаа. Хэдийгээр автобусыг камержуулж, картаар үйлчилж байгаа ч гэлээ хэн нь хулгайч вэ гэдгийг таних боломжгүй. Тэгэхээр иргэн та хүн ихээр төвлөрсөн газруудад өөрөө сонор сэрэмжтэй байх ёстой. Хэрэв та хулгайчид эд зүйлээ алдсан тохиолдолд түргэн шуурхай цагдаагийн байгууллагад хандах ёстой. Аль болох хурдан хандвал, хэргийн илрүүлэлт түргэн шуурхай байдаг.

- Удахгүй сар шинийн баяр болно. Жил жилийн сар шинийн баяраар бууз, ууц, тавган идээгээ алддаг. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээг авдаг вэ?

- Ер нь өвлийн улиралд цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран нийслэлийн тээврийн товчоонууд дээр хяналт шалгалтыг чангатгаж, ажилладаг. Өнгөрсөн шинэ жилийн баярын өмнө мөн ингэж ажиллаж нэлээдгүй зөрчил илрүүлсэн байгаа. Тухайлбал, гарал үүслийн бичиггүй, хууль бус ан агнуурыг нийслэлд оруулж ирэхийг оролдсон зөрчлүүдийг шуурхай илрүүлэн, хэрэг үүсгэн ажиллаж байна. Энэ хяналтыг сар шинийн баярыг дуустал үргэлжлүүлнэ.

Тээврийн товчоонуудаас гадна хүнс, мах махан бүтээгдэхүүнээр үйлчилдэг газруудад хяналт шалгалтыг хийж байна.

- Цагдаагийн байгууллага барьцаалан зээлдүүлэх төв буюу ломбардуудтай хэр харилцаа уялдаатай ажилладаг вэ?

- Харилцаа холбоотой ажилладаг. Өнгөрсөн шинэ жилийн өмнөхөн “Ломбард” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх төвүүдтэй хамтарч ажилласан. Тэдэнд байнгын мэдэгдэл, албан бичиг, сэрэмжлүүлэг хүргүүлсэн.

Энэ үеэр хулгайн эд зүйлсийг мэдсээр байж худалдан авсан, барьцаалсан байж болзошгүй газруудыг цагдаагийн байгууллагаас шалгаж, хариуцлага хүлээлгэсэн. Эдгээр газруудыг цагдаагийн байгууллага хяналт

андаа авч, байнгын шалгалт хийх болсон. Заримынх нь үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байгаа.

Ер нь хулгайн гэмт хэрэгтнүүд хамгийн түрүүнд ломбард, хүн ихтэй худалдааны төвүүдэд очиж, хулгайн эд зүйлсээ хямд үнээр зарж борлуулдаг.

Хэрэв иргэдийн гар дээр их хэмжээний алт мөнгөн эдлэл байдаг ч, түүндээ байнгын хараа хяналт тавьж чадахгүй бол банканд хадгалуулах нь зүйтэй.

- Гэр хорооллын айлууд нийлээд камержуулсан тохиолдолд юуг анхаарах вэ?

- Тухайн иргэд камержуулаад цагдаагаар хянуулах уу? Өөрсдөө хянах уу гэдгээ сонгох боломжтой. Гэр хорооллын өрхүүд нийлээд гудамж талбай, хашаагаа гэрэлтүүлж, камержуулах гэж байгаа бол хорооны цагдаад хандаж зөвлөгөө хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллыг камержуулах ажлыг маш их дэмжиж байгаа. Камер тавихдаа чанарын шаардлагыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Гэмт хэрэгтэн баригдсан тохиолдолд камерын бичлэгийг нотлох баримт болгон ашигладаг. Иймд камержуулалт хийх гэж байгаа бол цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газруудаас зөвлөгөө авч, аль болох чанартай камерийг сонгох хэрэгтэй. Ингэж зөвлөгөө авч байгаа иргэд сүүлийн үед нэлээдгүй болсон байна.

Чингэлтэй дүүргийн 5-р хороонд хэсэг бүлэг айлууд нийлээд СӨХ-гоо татан буулгаад, “Хөршийн хяналтын бүлэг” байгуулсан байна. Тэд өөрсдөө мөнгөө цуглуулаад гэрэлтүүлэг, камержуулалт хийсэн. Үүнээс хойш тус орцонд нэг ч гэмт хэрэг бүртгэгдээгүй.

 

- Цаг гарган сэрэмжлүүлэг өгсөн таньд баярлалаа.