УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьчихлаа. Гэтэл одоо Засгийн газрын тэргүүнээр оролдох цаг нь мөн эсэхэд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Мөн энд гарын үсэг зурсан Р.Амаржаргал гишүүн болон таныг нэрээ татсан гэх юм Ер нь та ямар шалтгаанаар Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурсан юм бэ?

-Би гарын үсэг зураад удаж байна. Үндсэн хуулийн Цэц Засгийн газраас машин авсан, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэнэ гэж 330 сая төгрөгийг Засгийн газ рын нөөцөөс гаргуулсан. Энэ нь нарийндаа авлигын маягийн үйлдэл болсон доо. Тэр үед авлига өгдөг Засгийн газар байж болохгүй гэж үзээд би гарын үсэг зурсан юм. Миний тэр байр суурь одоо ч хэвээрээ. Сүүлийн үед намайг мундаг шалгалт хийсэн, их зөв юм хийсэн гэж З.Энхболд өндрөөр үнэлж байгаа. Авлига авсан Цэцийн гишүүдийг хөөж явуулах ёстой гэж. Тэгвэл авлига авсан Цэцийн гишүүдийг хөөж явуулах ёстой юм бол өгснийг нь бас хөөж явуулах ёстой байхгүй юу. Хуулиараа өгсөн, авсан, зуучилсан гурвууланг нь шийтгэх номтой юм. Өнөөдөр / өчигдөр/ Ц.Нямдорж Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээ буцааж байгаа гэсэн мухар яриа тараасан байна. Би буцахгүй. Огцруулах шийдвэр гаргах эсэх нь УИХ-ын л шийдэх асуудал. Хэлэлцээд нэг тийшээ болгож таарна Харин миний гарын үсэг зурснаас хойш Засгийн газрын алдаа улам даамжраад л байгаа.

-Тухайлбал?

-Эрүүл мэнд, спортын сайд нь хэрэг түвэгт холбогдлоо. Ийм нөхцөлд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой юм л даа. Энэ бол Монгол төрийн түүхэнд гарч байгаа анхны тохиолдол, ажил дээрээ авлига аваад баригдсан сайд гэдэг утгаар нь би ярьж байна шүү. Ийм тохиолдолд танхимын хариуцлага гэдэг зүйл Үндсэн хуулиараа гарч ирэх ёстой. Хоёрдугаарт, орных нь сайдыг томилохгүй гурван сар боллоо. Энэ эмзэг салбарын сайд, төрийн нарийн бичгийн даргагүй бүтэн гурван сар болно гэдэг Засгийн газрын хариуцлагын асуудал мөн биз. Гуравдугаарт, энэ засаг хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгөх боломжгүй юм байна гээд ялгавартай олгох санал оруулж ирж, УИХ-аар батлуулаад 40-өөд хонож байна. Гэтэл гэнэт нэг өдөр сэрээд галзуу юм шиг бүх хүүхдэд мөнгө өгөх санал оруулж ирэв. Ард түмнээр тоглоод байна уу УИХ-аар уу. Өгөх бололцоо байсан юм бол төсөв батлах үед үүнийгээ оруулж ирээд батлуулах нь яасан юм. Гэтэл ингээгүйн цаана сонгуулийн хахууль л явж байгаа юм. Энэ ард түмнийг циркийн амьтан гээд ойлгочихсон, ширхэг чихэр өгдөг, түүнийх нь дагуу хүссэн үйлдлээ хийлгэдэг, болохгүй бол хясан боогдуулаад хасчихдаг. Ийм үйлдлийг л засаг хийгээд байна. Тэгэхээр засгийг огцруулах шалтгаан нь миний гарын үсэг зурснаас хойш хорогдсон биш нэмэгдсэн байгаа биз.

-Ерөнхий сайдыг огцруулахад нэгдсэн гишүүдийн тоо 16 дээр нэлээд гацсан. Гэтэл өчигдөр дөрвөн гишүүн нэгдээд л шууд тогтоол өргөчихлөө. Харин сүүлийн дөрвөн гишүүн нь танай намаас байсан гэх юм. Учир нь МАН-ынхан нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэхэд эсрэг байр суурьтай байж байгаад улс төрийн акц хийгээд нэгдчихлээ гэх хардлага гарсан л даа?

-Засгийн газрыг огцруулах асуудал мандатын тоотой огт хамааралгүй. Наадах чинь худлаа, тэгээд ч Засгийн газарт санал оруулж ирсэн биш. Эзэн нь Засгийн газар биш. Яахав, гишүүдийн дунд улс төрийн элдэв нөхцөл байдлаа харж байгаад ер нь л гарын үсэг зурах тухай яриа гараад л байсан юм. Хамгийн гол нь Засгийн газар ард түмнээрээ тоглодог явдал арай дэндэж байна шүү дээ. Ерөөсөө төрөөр, ард түмнээр тоглодог болсон. Жишээлбэл, хүүхдийн мөнгийг өгчих л байсан юм бол төрийг ч, биднийг ч, айл өрхийг ч шаналгаж, хөргөгч, телевизорыг нь шалгаж явах ямар хэрэгтэй байсан юм. Найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгааг 10 хувь болгоно гэж энэ засаг тавдугаар сард шийдсэн. Ингээд арван хувийнхаа хуулийг баталж өгөлгүй бүтэн жил болчихоод сүүлд нь Цэцийн дүгнэлтээс болоод зээл зогсчихлоо гэж баахан худлаа хэлцгээсэн. Гэтэл энэ зээл яагаад зогссон юм гэхээр урьдчилгаа 30 хувь байсныг 10 болгоно гэхээр чинь хүмүүст хөнгөнөөр тусна биз дээ. Ингэж хуурчихаад сүүлд нь мөнгөө гаргаж өгөхгүй болохоор чинь зээл зогсдог юм байгаа биз дээ. Монголбанк, засагт мөнгө байхгүй. Ийм юмнууд яваад байгаа учраас зарим гишүүн нэмж гарын үсэг зурсан. -

Эрүүл мэнд, спортын сайдыг томилохгүй байгаа нь Ерөнхий сайдаар оролдох гол гогцоо болчихож ээ дээ?

-Энэ Засгийн газрыг Эрүүл мэнд, спортын сайдаа томил гэдгийг гишүүд олон удаа сануулсан шүү дээ. Эмэгтэй гишүүд, бие даагчид болон би хувьдаа “Эрүүл мэндийн салбараа хурдан эзэнтэй болгооч, энэ салбар эзгүйдэж болохгүй” гэж хэлээд бараг 45 хонож байна. Гэтэл хөдлөхгүй байхаар чинь засгийн толгойг илээд суугаад байж болохгүй биз дээ. Магадгүй огцруулах бичигт гишүүд нэмж гарын үсэг зурсан явдал Эрүүл мэнд, спортын салбарын удирдлага болохгүй байгаатай холбогдож мэднэ. Тэнд гарсан хэрэг явдалтай холбогдож мэднэ шүү. Гишүүн бүр дотроо нэгийг бодож гарын үсэг зурсан байх. Би л лав Цэцийг авлигадсаныг улайм цайм тогтоогоод л гарын үсэг зурсан.

-Оюутолгойтой холбоотой болон гаднын зах зээлээс хөрөнгө босгох хэд хэдэн гэрээнд өчигдөр /уржигдар/ үзэглэх байсан ч Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөсөнтэй холбоотойгоор больчихлоо гэх юм. Тэгэхээр эдийн засагт сөрөг нөлөөлөл бий болж таарах нь ээ?

-Наад мэдээллийг чинь анх удаа сонсч байна. Тиймээс мэдэхгүй байгаа зүйлдээ худлаа хариулт өгч чадахгүй нь.

-АН-ынхан бол “Бид засгаа унагахгүй” гэж байна?

-Тэгвэл аваад л үлдэнэ биз дээ.

-Тэгэхээр тэртэй тэргүй Ерөнхий сайдаа авч үлдэх нь тодорхой байхад УИХ-ын дарга огцруулах тогтоолыг хүлээн авсан нь сонгууль тойрсон улс төр байсан гэж харж болох уу?

-Улс төрийн асуудал биш. Харин хариуцлагын асуудал мөнхийнх байх учиртай. Эрүүл мэнд, спортын яаманд болсон хэрэг явдал, орных нь хүнийг томилж чадахгүй байгаа нь энэ засгийг огцруулах хангалттай шалтгаан. Хэрвээ энэ улсад ёс суртахуун гэж байдаг бол шүү дээ. Зөвхөн үүний төлөө л засаг огцрох ёстой. Танхимын зарчим гэж байдаг бол бүгдээрээ ард түмнээсээ уучлалт гуйгаад зайлцгаах ёстой юм.

-Нийслэлийн квотын асуудал тэгтлээ асуудал болоогүй гэсэн үг үү, таны ярьж байгаагаар?

-Үндсэн хуульд Улаанбаатар, аймаг хоёрыг яг адилхан төвшинд тавьсан томьёолол бий. Хүнийх нь тоог харгалзаж Улаанбаатарт бүгдийг төвлөрүүлнэ гэж Үндсэн хуульд заагаагүй. Адилхан эрх, үүрэгтэй гэдгийг л заасан. Том газар нутгаа цөөн төлөөлөлтэй болгоод нийслэлд бүгдийг төвлөрүүлээд яаж амьдрах гэж байгаа юм бол доо. Ерөнхийдөө дахиад л хүчирхийлэл явж байна шүү дээ. Эхлээд хуучин квотыг нь хадгална гэж СЕХ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт бичиг ирүүлсэн. Гэтэл УИХ-ын дарга гэдэг этгээд “Нийслэлд олон болгоно” гээд гар утсан дээрээ юм биччихээр дахиад хуралдаж байгаад хасах санал оруулж ирж байгаа байхгүй юу. Монголд дарангуйлал тогтох бүх зүйл явагдаж байна шүү. Нэг хүний өрөөнд зээлийн хүү, барилгын үнийг тогтоодог болж байна. Нэг хүн мессэж бичихэд л СЕХ маргааш нь хуралдаад анх оруулсан саналаасаа буцаж байна. Засгийн газраас санал оруулаад ирэхээр нэг хүн зогсоож байна. Хэрэг дээрээ Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг нэг хүн хөөж явуулж байна. Энэ Засгийн газар төдийгүй УИХ удирдаж байгаа этгээдүүдтэй хариуцлага тооцох цаг ер нь болсон шүү.

-УИХ-ын даргад их юм бий гэж та хэлээд байна уу?

-Бид 25 жилийн өмнө ардчилал гэж жагсаал цуглаан хийж байхдаа ийм зүйлийн цтөлөө явсан юм уу. Арга ядаад цаана чинь Баабар “Дээрэмчдээс салгаж хайрла” гэж бурхнаас аврал эрээд, Э.Бат-Үүл нь “АН-ын бүлэг гэж юу байсан юм, дээрэмчдийн бүлэг” гэж хэлээд, М.Энхсайхан нь засгаас хөөгдөөд сууж байна шүү дээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч байсан П.Очирбатыг эд нар хууль гаргах нэрийдлээр зургаан жилийн хугацаатай албан тушаалаас нь хугацаанаас нь өмнө хөөж явуулж байна. П.Очирбатыг хугацаанаас нь өмнө хөөдөг хэн болчихсон юм, эд нар. М.Энхсайханыг Засгийн газраас хөөдөг хэн болчихсон юм М.Энхсайханы Засгийн газрын үед З.Энхболд Төрийн өмчийн хороо гэж жижиг агентлагийн дарга, том цүнх барьсан, жижиг хүн л гүйж явсан юм шүү дээ. Эд нар ингэтлээ галзуурах болоогүй. Монгол дарангуйллын систем рүү өдрөөс өдөрт л гулсаад байна. Бүх юмыг нэг хүн мэддэг болчихсонд л асуудал байгаа юм Үүнэс сэрэмжлэх ёстой. Энэ чинь ингэж явсаар даамжирна. Жишээ нь, хүүхдийн мөнгийг бүгдэд өгнө л гэж байна. Нэг их буян үйлдэж байгаа царайлчихаад нөгөө чихрээ долоолгоод л гүйгээд байна шүү дээ. Өгөх байсан юм бол энэ оны төсөвт бүгдэд нь өгье гээд 110 тэрбумыг батлуулах нь яасан юм. “Мөнгөгүй байна, хасч өг” гэчихээд 40-хөн хоногийн дараа “Бид бүгдэд нь өгөх гэж байна” гээд буян үйлдэгчийн дүр эсгээд байна шүү дээ. Эцсийн дүндээ эд нар ард түмнийг циркийн амьтан л гэж үзэх болж. Чи сонгуульд миний төлөө санал өгвөл хүүхдэд чинь 20 мянган төгрөг өгнө шүү гээд байгаа биз. Энэ бол зөвхөн Засгийн газрын биш УИХ удирдаж байгаа нөхөртэй хариуцлага тооцох асуудал. Ер нь тэгээд нэг намын дарга хүн УИХ удирдана гэдэг, тэр тусмаа ийм эмзэг бүрэлдэхүүнтэй УИХ-д байж боломгүй зүйл юм. Намайг УИХ-ын дарга байхад Э.Бат-Үүл “Намын удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын дарга байх дэмий юм. Чи нэг тал руугаа хазайчих гээд байна” гэж надад хүний ёсоор хэлдэг л байсан юм. Гэхдээ би З.Энхболд шиг хэлбийж, алиагаа алдаж байгаагүй. Аль алинтай нь ижил тэгш харилцаад явчихдаг л байсан.

-МАН олон гардаг тойргуудын мандатыг цөөлөх гээд байна гэж яриад байсныг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ялалт, ялагдал гэдэг чинь байнга л болдог процесс. АН-ыхан бүх тойрогт ялна гэж тооцоод байгаа юм уу. Эд нар 1992 онд зургаа, 2000 онд нэг суудалтай л үлдэж байсан. Юм давтагдана шүү дээ. Тэгэхээр мандатын тоог цөөрүүлж байгаадаа асуудал байгаа юм биш. Үндсэн хуулийн ижил тэгш томьёололтой засаг захиргааны нэгжийг бусад 21 аймагтай тэнцүүлэх юм хийх гээд байгаа юм. Улаанбаатараас өөр газар Монголын амьдралыг байхгүй болгох нь л дээ. Энэ санал бол нийслэл хотод байгаа засаг захиргааны ресурсыг сонгуульд бүрэн дүүрэн ашиглах л тооцоо. Яг чин үнэн нь энэ. Өөрөөр хэлбэл, дахиад сонгогчдын саналыг худалдаж авах, бөөгнөрлийг бий болгох гэсэн санаа учраас эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Мөнгө тарааж, санал худалдаж авдаг байдал одоо бүүр цадигаа алдсан байна. Хамгийн их хууль сахиулах ёстой хүн нь бидон, нүүрс тараагаад л, энд нэг хүний өрөөнд зээлийн хүү тогтоогоод л, Засгийн газах, Монголбанкны бүх нөөцийг шавхаад л. Ямар их мөнгөтэй болчихсон юм, эд нар. Гэтэл одоо хар л даа, эд нар бараг хөдөө явахаа байлаа шүү дээ. Очоод уулзах нүүр байхгүй болохоор аргагүй шүү дээ. Эх орондоо хүн шиг амьдаръя гэсэн нь байхгүй болчихсон. Баахан юм амласан ч үр дүн байдаггүй. Эдийн засаг хэвтчихсэн, цалин, тэтгэвэр нэмээгүй учраас л залилангийн үйл ажиллагаа явуулах санал худалдаж авах гэж л мандатын тоог яриад байгаа юм. Хамгийн хөгийн нь СЕХ хуучин тойргийг хэвээр нь байлгана гэх саналыг өчигдөр нь оруулж ирчихээд маргааш нь мессэж авангуутаа дахин хуралдаад өөр санал оруулж ирж байна гэдэг чинь эсвэл СЕХ-ныхон галзуу байсан. Эсвэл согтуу байсан байж таараа Ийм сонгуулийн хороонд жишээ нь яаж итгэх вэ.

-МАН, МАХН-ыг нэгдэх яриа гараад удаж байна. Хэдийгээр нэгдсэн шийд гараагүй ч өчигдөр /уржигдар/ хоёр намын удирдлага уулзсан гэсэн?

-Уулзаж л байг, дандаа л уулздаг шүү дээ. Дахиад хэлэхэд, би энэ дээрэм, дарангуйлал хоёрыг сөрөн зогсохын тулд яг өнөөдөр шуламтай нийлэхэд ч бэлэн байна. Энийг чинь зогсоох ёстой юм байгаа биз дээ. Эрх баригчид ийм галзуу байж болохгүй биз дээ. Эх орноо, төрт ёсны зарчмаа, Үндсэн хуулиа ингэж үнэгүйдүүлж болохгүй биз дээ. Би биш Баабар хэлээд, бурхнаас аврал гуйгаад байна, цаана чинь. Э.Бат-үүл, М.Энхсайхан нь хэлээд, эд нарыгаа хөөгөөд байна шүү дээ. За яахав намайг удсан барьсан гээд хөөж болно. Гэтэл П.Очирбатыг хөөдөг хэн бэ. Дахиад хэлье, энэ дээрэмчдээс салахын тулд би шуламтай нийлэхэд ч бэлэн байна. Уг нь шуламтай нийлэлгүй байж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлэх юм сан гэж боддог байлаа. Гэтэл ийм үг хэлэх өдөр ирдэг юм байна. Харсаар үзсээр байж ийм дарангуйллыг цаашдаа яаж хууль ёсных болгох юм бэ.



М.ӨНӨРЖАРГАЛ