Н.Номтойбаяр: Гадаадад томилолттой яваа Н.Батцэрэг гишүүнийг хууль зөрчин байнгын хорооноос чөлөөлсөн
2016/01/21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг гадаадад томилолтоор ажиллаж байхад өөрийнх нь бичгээр гаргасан саналыг авалгүйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяаллаас шууд чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг томилох тогтоолыг хууль зөрчин баталсныг эсэргүүцэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд хандлаа. Уг асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлт тавьсан ч УИХ-ын дарга хүлээж авалгүйгээр энэхүү тогтоолын төслийг шууд баталсан юм.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.1.1-д зааснаар УИХ-ын гишүүн байнгын хороонд харьяалагдах саналаа бичгээр ирүүлэх ёстой аж. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэхдээ "Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц Н.Батцэрэг гишүүн байхгүйгээс бүрдэхгүй байсан. Гэтэл УИХ-ын дарга чуулган хуралдуулж байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тогтоолын төслийг хууль зөрчин хүч түрж баталлаа. УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолттой яваа. Гадаадад томилолттой хүн бичгээр саналаа гаргах боломжгүй. Тийм бичиг өгөөгүйг намынх нь гишүүд ярьж байна. Түүнийг эзгүйд байнгын хорооны гишүүнээс чөлөөлж өөр байнгын хороонд харьяалуулсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, чуулганы хуралдааны дэгийн хуулийг ноцтой зөрчиж байна. Дэгийн хуульд зааснаар УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй аливаа асуудлаас завсарлага авах эрхтэй. Манай намын бүлгээс энэ асуудлаар завсарлага авах горимын санал гаргасан боловч хүлээж авсангүй. УИХ-ын дарга дэгийн хуулийг ноцтой зөрчлөө. Дэгийн хууль хэрэгжихээ больсны жишээ энэ боллоо" гэв.
Төрийн байгуулалтын өнөөдрийн хуралдаанаар Г.Уянга нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх болон нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх байв.