Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан МАХН-ын нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг бусдаас их хэмжээний мөнгө авилгад авсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүний хувьд "уснаас хуурай гарах" хууль эрх зүйн үндэслэлтэй ажээ.

МАХН-ын генесек асан Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн 268.2 буюу бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа. Уг зүйл ангид “хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл түүнд 5-10 жилийн хорих ял төлөвлөгдөөд байгаа бөгөөд шүүхээс гэм буруутай гэж үзвэл ял оноох юм. Харин гэм буруугүй гэж үзвэл ял шийтгэлгүй үлдэх болно.

Г.Шийлэгдамба авилга авсан байж болзошгүй үйлдлээ намдаа санхүүжилт л олох гэж байсан, бусдын дарамтад орсон хэмээн тайлбарлаж байгаа. Хэрвээ түүний энэ тайлбар үнэн бол түүнийг Эрүүгийн хуулийн 268.2 бус 270.2 гэсэн зүйл ангиар шалгах болно. Өөрөөр хэлбэл авилгад зуучилснаар Эрүүгийн хуулийн 270 буюу хээл хахууль зуучлах гэсэн зүйл ангиар шалгагдах болж байгаа юм.

Тэрбээр шууд нэвтрүүлгийн үеэр намдаа санхүүжилт олж өгсөн гэдгээ хэлсэн. Түүний энэ үйлдлийг авилгад зуучилсан хэмээн хэргээ хүлээж байгаа гэж үзэж болохоор байна. Ийнхүү хэргээ хүлээж байгаа нь учиртай ажээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 270-ын тайлбар гэсэн хэсэгт “Тайлбар: Хээл хахууль зуучилсан этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасантай шууд холбоотой юм.

Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад: "Авилгад зуучилсан байж болзошгүй энэ үйлдэл нь нотлогдсон тохиолдолд хэргээ хүлээсэн гэж үзэх боломжтой" хэмэнэ тайларлав.

Өөрөөр хэлбэл Г.Шийлэгдамба авилга аваагүй, зуучилсан, түүнийгээ сайн дураараа хүлээсэн бол хариуцлагаас мултарна. Харин авсан өгсөн улсууд нь Эрүүгийн хуулийн 268, 269-д заасны дагуу хариуцлага хүлээгээд явах юм.

Г.Шийлэгдамба намдаа санхүүжилт олж өгөх гэж байсан уу? Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд үнэхээр авилга авсан уу гэдгийг АТГ шалгаж, гэм буруутай эсэхийг шүүх тогтоох юм. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа