Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан. Тэрээрих хэмжээний түлэгдэлттэйгээр БНСУ-ыг зорьсон юм. Түүнтэй холбогдож ярилцлаа.

-Сайн байна уу. Таны биеийн байдал ямарбайна?

-Гол эмчилгээ дууссан. Биеийн байдлын хувьд ганц нэг газар өвдөж, шархирсан зүйл байлгүй яахав. Баруун хөл татганаад доголж яваад байгаа.

Зүүн гар ч жаахан татанхай. Арьс шилжүүлж суулгахаар татаж эдгэдэг юм байна. Түүнийг хэвийн болгох гол эмчилгээ нь физик эмчилгээ. Даанч төлбөр мөнгөгүйгээс хийж чадахгүй байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компаниас эмчилгээний төлбөрийг хийсэн гэж мэдээлж байгаа. Харин та өөртайлбар хэлж байх чинь?

-Компаниас төлбөр дутуу төлсөн учраас үргэлжлүүлж хийх физик эмчилгээ зогссон. Уг нь эмчилгээний зардлын мөнгө батлагдсан юм билээ. Тэр мөнгө батлагдсанаас хойш 10 хоночихлоо. Компанийн зүгээс манай хүүхдүүдээс янз бүрийн бичиг баримт, амлалт шаардаад байгаа гэсэн.

-Ямар амлалт?

-Баярлалаа, ахиж мөнгө авахгүй гэсэн амлалт, баталгаа шаардаад байгаа. Найз нөхдөөс ч бас. Би түүнийг нь зөвшөөрөхгүй байгаа.

-Тантай хамт гэр бүлийнхэн чинь явсан уу?

-Эхнэр, хүү хоёр намайг авч ирсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд ирснээс хойш энд хоёр сар гаруй болж байна.

-Хэчнээн төгрөгийн, ямар эмчилгээ хийлгэв?

-Солонгосын эмнэлгээс компанид эмчилгээний төлбөрт 249 сая төгрөг нэхэмжилсэн. Цаашид хийх эмчилгээний зардалтайгаа нийлээд нийтдээ 289 сая төгрөгийн судалгаа гаргаж өгсөн. Харин компани физик эмчилгээний зардлыг төлөөгүй. Нүүрэн дээр түрхэх вазелинаа ч авч чадахгүй байгаа.

Тийм болохоор өнөө, маргаашгүй Монгол руу буцмаар байна. Явах гэхээр мөнгийг чинь удахгүй шилжүүллээ гээд олон маргааш хүлээсээр байтал таарч байна. Үндсэн эмчилгээ өнгөрсөн сарын 23-нд дууссан. Эмнэлгээс бараг оргох шахам энэ сарын 5-нд гарлаа. Сар шинийн үеэр эмчилгээгүй хэрнээ эмнэлэгт хэвтээд яахав гэж бодоод тэр. Буудлын хөлс гэхэд хоногийн 100 мянган воны төлбөртэй.

-Таныг эмчилгээний зардлаа төлж чадахгүй байгаагаас Солонгост шүүхэд дуудагдахаар болсон гэсэнмэдээлэл гарсан. Үнэн үү?

-Эмнэлэг “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын шүүхэд өгнө гэсэн. Эмнэлгийн зүгээс төлбөрөө төлөөгүй хүний асуудлыг шүүхээр шийдүүлэх журамтай юм байна. Нэхэмжилсэн мөнгө нь энэ сарын 11-нд эмнэлгийн дансанд орж, бид гурав бичиг баримтаа авлаа. Одоо ер нь буцахаа бодно. Уг нь физик эмчилгээгээ хийгээд буцсан бол зүгээр байлаа. Гэвч боломж гарахгүй нь бололтой. Бид байр хоолныхоо зардлыг өөрсдөө гаргаж байгаа.

-Таны насны хүн яагаад тийм аюултай алхмыг сонгох болов. Өөр аргаар тэмцэж болоогүй хэрэг үү?

-Тавантолгойн асуудлыг олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сараас УИХ дээр ороод бөөн асуудал болсон. Энэ бүхэн эцсийн эцэст хууль зөрчсөн асуудал болж ирсэн. Ашиггүй гэрээ хийж, нэг ёсондоо Тавантолгойг гадныханд галт тэргэнд ачаад явуулчихсан. Үүнийг зогсоохын тулд галт тэрэгний урдуур орж хөлөө таслуулсантай ялгаагүй явдал болсон. Ер нь газар нутаг, эх орон гэж том ярихаа болъё. Би нийгмийн өмнө сайн дураараа хүлээсэн ажил үйлдвэрчний эвлэлийн дарга хүн шүү дээ. Миний хамгаалах, хамгийн их анхаарал тавих асуудал бол ажилчдын эрх ашиг, тэдний ажлын байрны тухай.

Тухайн үед болсон үйл явдал бол монгол ажилчид хятад компанид очихоор байсан. Гэрээг нь үзэхээр монгол ажилчдыг Хятадын компанид худалдсантай ялгаагүй. Тэр ажиллагаа нь хуулийн дагуу юм шиг мөртлөө хууль бус. Дарга нар хууль бус шийдвэрийг ТУЗ-өөр гаргуулаад бүтцийн өөрчлөлт нэрийн дор монгол ажилчдыг Хятадын компанид шилжүүлээд хариуцлагаас мултрахыг бодсон.

Үйлдвэрчний эвлэлийн ажлыг өөрөө эрсдэл гаргаж хүлээж чадахгүй бол амлах хэрэггүй гэж би боддог. Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гарсан ТУЗ-ийн шийдвэрийг Билгээ захирал өөрөө бидэнд ажлын бус оройн цагаар танилцуулсан. Маргааш нь 12-нд Чингис хааны төрсөн өдөр гээд бүх нийтийн амралтын өдөр таарсан. 13-нд Батбилэг ТУЗ-ийн шийдвэрийг биелүүлж байна гэж тушаал гаргаад ажилчдыг шилжүүлээд бүх зүйл өнгөрөх байсан. Хятадын компани ч бай цалин өгч байхад хаана ч ажилласан болно гэж хүмүүс яриад байгаа. Хятадын компанийн явуулгаар монгол ажилчдын ажлын байрыг булааж авах технологи бүрдчихээд байсан юм. Тиймээс зогсоохоос өөр арга байгаагүй.

-Тэр үед ажилчид компанийн байрны үүдэнд суулт зарласан байсан биз дээ?

-Ахынх нь хувьд энэ нэлээн эртнээс бэлтгэсэн зүйл. Хэрэв би нэг ажилчны ч өмнө хариуцлага хүлээж чадахгүй бол 76-аас ялгаагүй юм болно. Энэ бол миний сонголт. Тэмцлийн эцсийн хэлбэр байсан. Би тэр талаар хэнд ч хэлээгүй. Гэр бүлийнхэндээ ч тэр. Тийм үйлдэл хийхээсээ өмнө хэн нэгэнд хэлсэн бол зохион байгуулалттай ажиллагаа болох байсан. Тиймээс би залуусыг хөлдөө чирэхийг хүсээгүй. Түүний хүчинд өнөөдөр тэд бүгд ажлаа хийгээд явж байна. Тавантолгойг ч хамаагүй оролдож болохгүй юм байна гэсэн мессэжийг хүмүүс авлаа. Энэ тухай нийтээрээ мэдээлэлтэй боллоо. Үр дүнг тэгж л харж байна.

-Тэгвэл та харамсахгүй байгаа байх нь ээ?

-Юундаа харамсах вэ. Бидний үр хүүхэд болон ажилчид, ард түмэн байнга дарлуулж, доромжлуулж, дээрэлхүүлээд яваад байж болохгүй. Тэднийг сэргээхийг хүссэн. Тэртэй тэргүй энэ зовлонг би өөрөө сонгосон. Тийм болохоор компани эмчилгээний мөнгө өгөх эсэх нь надад чухал биш.

-Тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн үг үү?

-Үйлдвэрчний эвлэлийн ажил бол миний 2003 оноос хийж ирсэн, нийгмийн өмнө сайн дураараа хүлээж авсан миний амьдралын чухал хэсэг. Солонгост ирснийх энд хөдөлмөрийн үнэлэмж ямар байдаг, хэрхэн ажилладгийг өөрийн нүдээр харлаа. Одоо компани, хууль тогтоох төвшинд хийх ажил их байна.

Б.ЭНХЗАЯА