Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл уулзалт боллоо
2016/02/18
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан Монгол-Японы Найрамдлын Нийгэмлэгийнхэн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” сэдвээр уг түүхэн үйл явдалд оролцогсдын дурсамж уулзалтыг зохион явууллаа.
Дурсамж уулзалтад оролцогсод БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга асан Д.Салдангийн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985)” номонд бичигдсэн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа анх яаж үүссэн, энэ харилцааны анхны түүчээ нь болж бодитоор барьж байгуулагдсан “Говь” үйлдвэрийн талаарх түүхэн баримтуудыг дурсан санаж, өөр өөрсдийн онцлог түүх дурсамжаа хуваалцаж дотно сайхан ярилцлаа.
Энэ номонд олон нийт огт мэдэхгүй, эсвэл эндүү ташаа ойлголттой байсан бодит түүхийн нарийн ширийн зүйл маш их байдаг байна. Ялангуяа Монгол-Японы харилцааны түүхэн үйл явдалд оролцож байсан, оролцож буй хүмүүст төдийгүй уг түүхийг судлах ажилтай түүхч нар болон оюутан сурагчдад ч хэрэг болохуйц үнэн бодит түүхийг бичиж үлдээгээд, дүгнэж цэгнэсэн нь сонирхолтой юм.
Тухайн үед манай улс анх удаа “хөрөнгөтөн” гэгдэх оронтой, тухайлбал Японтой эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллах нь манай хувьд цоо шинэ зүйл байсан байна. Манай улс 1973 он хүртэл аль ч хөрөнгөтөн оронтой эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн хэлбэр болох зээл авах, үйлдвэр барих, хамтарсан хөрөнгө оруулалт хийх г.м -ийн үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд энэ талын ямар ч туршлагагүй байсан. Тэр тусмаа Монгол-Японы анхны эдийн засгийн хамтын ажиллагааны эхлэл нь олон улсын байдлын хувьд түүхийн нилээд онцгой цаг үед, хоёр талын ихээхэн өвөрмөц байр суурьтай нөхцөл байдлын дунд гарч ирсэн цоо шинэ хандлага, хэлбэр бүхий сонирхолтой бөгөөд нарийн төвөгтэй үйл ажиллагаа байжээ.
Тийм амаргүй нөхцөлд Японы засгийн газрын “Буцалтгүй тусламж” (Grant) авах хэлэлцээг эхлүүлэх, уг тусламжийн хэмжээг хүссэн хэмжээндээ хүртэл нэмүүлж батлуулах, урьд өмнө нь манайд байгаагүй шинэ техник, технологи бүхий үйлдвэрийг барьж байгуулах, ажиллуулах мэргэжлийн хүмүүсийг Японд сургаж бэлтгэх гэх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь үүсгэн хэрэгжүүлсэн нь өнөөгийн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл гарцаагүй мөн ажээ.
Энэ түүхэн үйл хэргийг бүтээлцсэн хүмүүсийн нэгээхэн хэсэг, “Говь” үйлдвэрийг байгуулахад гар бие оролцож, хамтарч ажиллаж байсан ахмадууд, энэ түүхт төслийн шугамаар Япон улсад суралцаж ирсэн анхны оюутнууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү болон Японы ЭСЯ-ныхан энэ Дурсамж уулзалтад оролцлоо.