Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж, төр засаг, эх орон, ард түмэн, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэн ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн энхийг сахиулагчид маань өнөөдөр Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын удирдах бүрэлдэхүүн, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ний ажиллагаа болон АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө” ажилагаа нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болж, НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа 2015 оны 01 дгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Ажиллагааны зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-ийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах “Шинэ Кабул” баазын харуул хамгаалалтын үүргийг дэд хурандаа Д.Сүхбат захирагчтай 100 гаруй цэргийн цэргийн алба хаагчид 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зургаан сарын хугацаатай үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль"-аар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хошууч Б.Ганбаатар, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хошууч Х.Батсайхан, "Энхийн төлөө" медалиар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахмад Б.Ганжигүүр, ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч Б.Билгүүн нарын 6 алба хаагч, "Батлан хамгаалах яамны Жуух бичиг"-ээр цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Сүхбат, "Афганистанд-Энхийн төлөө" медалиар 100 гаруй алба хаагчид энгэрээ мялаалаа. Шагналыг Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын удирдлагууд гардуулан өгсөн.

Төрийн одон медаль гардсан алба хаагчдад хандаж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Монгол Улсын Зэвсэгт хүчин хүн төрөлхтөний энх амгалан амьдралын төлөө дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон хугацаанд манай цэрэг дайчид мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөн Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон билээ. Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэх манай бүрэлдэхүүний тоо, хүч хэрэгсэл нэмэгдэх болсон нь Монгол цэрэг хэрхэн үнэлэгдэж байгаагийн тодорхой жишээ юм. Энэ бол урьд нь хамтран үүрэг гүйцэтгэсэн та бүхний үйл ажиллагааны үр дүн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Манай цэргийн алба хаагчид ажиллагаанаас ажиллагаанд туршлагажиж шинэ шинэ үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг эзэмшсээр байгаа бөгөөд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран
НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэжлэг үзүүлэх ажиллагааг чамбай зохион байгуулсныг онцлох нь зүйтэй. Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн үзүүрт сэтгэлээр амжилттай биелүүлж ирсэн нь хэн бүхний бахархалыг төрүүлж байгаа юм. Монгол газар шороонд Монгол хүн болон мэндэлсэн эрхэм хүндтэй энэ хувь заяандаа эзэн нь байж эх орныхоо захиас даалгаварыг хичээнгүйлэн биелүүлсэн эрэлхэг хөвгүүд та бүхнээр эх орон тань, ижий аав тань, эхнэр хүүхэд, ах дүү нар тань бахархаж байна" хэмээн онцолсон юм.