Төв аймгийн Баянчандмань суманд олны жихүүдэс хүргэм хэрэг 2015 оны 9-р сарын 24-нд гарсан билээ. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Т.Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж дуусаад харьяалалын дагуу прокурорт шилжүүлсэн. Прокуророос Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэрэгт хамаагүй, харин Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч энэ хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн үзжээ. Улмаар энэ хэрэгт Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангид заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Одоогоор хурлын тов гараагүй байгаа ажээ.

Хэргийг дахин сануулахад яллагдагч Б.Ханбаатар болон уг хэрэгт шалгагдаж байсан Г.Ариунболд нар нь үгсэн тохиролцож хохирогч Т.Б-г хуурч тамганы найранд авч ирүүлсэн байдаг. Улмаар архи өгч согтоосны дараа Б.Ханбаатар машиндаа суулгаад малчин н.Ганзоригийн гэрээс 200 метр орчим газар холдсон. Ингэхдээ Т.Б гэх эмэгтэйг зодсоны улмаас тархиндаа гэмтэл авсны зэрэгцээ толгой нь хэд хэд хагарсан байна. Бүсгүйг гэмтлийн улмаас ухаан алдсан байхад нь домкрат /данхраад/-ны иш төмөр ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан. Яллагдагч Б.Ханбаатар хохирогч Т.Б-г олон цаг тарчлаан зовоосны улмаас хохирогч эмэгтэйн биеийн ихэнх хэсэг хөх няц болж, бүсэлхийнээс доош эрүүл эрхтэн үлдээгүй гэдгийг шүүх эмнэлгийнхэн дүгнэсэн байдаг.

Хохирогч Т.Б-г эмнэлэгт хүргэх үед их хэмжээгээр цус алдсан байсан. Тиймээс шулуун гэдэс залгахаас эхлээд олон яаралтай болон яаралгүй мэс ажилбаруудад орсон байдаг. Одоогоор биеийн байдал дээрдсэн ч сэтгэл санааны хямарсан байгаа юм.

Прокурорын байгууллагаас Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн 125.1, 126.2.1, 126.2.2, 126.2.5-д заасны дагуу яллах саналтай байгаа. Яллах саналд дурдсан зүйл ангиудыг тодруулбал:

125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

125.1.Хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

126 дугаар зүйл. Хүчиндэх

126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

126.2.2.хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж;

126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн сурвалжлах болно.

 

А.Баярмаа

О.Номин