Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан улс төрийн үйл ажиллагаанд буюу АН-ын томоохон арга хэмжээнд оролцож явна. Тэрбээр Ардчилсан намын гишүүн бөгөөд Увсын фракцад байдаг аж. Асуудлын гол нь Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлд удирдах алба хашиж буй гол хүн нь төрийн эрх барьж буй Ардчилсан намын гишүүн бөгөөд шүүхийн ерөнхий зөвлөл АН-ын хараат болох вий гэмээр харагдаж байна.

Түүний оролцсон арга хэмжээний тухай тодруулбал:

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлсон дүрмийг өнгөрсөн жил боловсруулан гаргажээ. Үүнийгээ өргөжүүлээд “МоАН Санаачлага” нэртэй бие даасан байгууллага болгосон юм байна. Харин өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 19-нд “МоАН санаачлага”-ынхааа анхны их хурлыг хийжээ. Энэхүү хурлын гол хүмүүсийн нэг нь Т.Мэндсайхан байсан бөгөөд уг байгууллагын дэд ерөнхийлөгчөөр хүртэл сонгогджээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Л.Болдыг “МоАН Санаачлага”-ын Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгосон байна. Харин Л.Болдын санал болгосноор Д.Нямхүү, Мэндсайхан, Л.Нармандах нарыг Дэд ерөнхийлөгчболгожээ. Харин 21 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар зэрэг хүмүүс сонгогдон орсон юм байна.

Эндээс үзэхэд нэг хардлага төрж байна. Монгол улсын хэмжээнд 103 шүүхийн тамгын газрын дарга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы шууд удирдлага дор байгаа. Т.Мэндсайхан АН-ын байгууллагыг удирдаж байгаа нь ШЕЗ-д итгэх итгэлийг бууруулаад зогсохгүй, намдаа үйлчлэх вий гэсэн хардлага төрүүлж байна. Цаашлаад Шүүхийн Ерөнхий зөвлөл АН-аас хараат бус байж чадах уу гэхэд хүртэл эргэлзэж болохоор байна.

АН-ын үйл ажиллагаанд оролцсон энэ байдал нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.1-д заасан "албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцохыг хориглоно" гэснийг зөрчиж байгаа юм. Мөн Шүүхийн захиргааны хуулийг зөрчиж байна гэдгийг хуульчид тайлбарлаж байгаа юм. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно

 

Н.Ганаа