БСШУЯ ХСИС-ийн сургалтын технологийн шинэчлэлийг өндрөөр үнэллээ
2016/02/24
Хууль сахиулахын их сургуулийн багш нарын дунд “Онол, арга зүйн ээлжит сургалт зөвлөгөөн” боллоо. Тус сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн II улирлын сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, их, дээд сургууль болон бүрэлдэхүүн сургуулиудын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн технологийн шинэчлэлээс суралцах, харилцан туршлага солилцох зорилготой уг сургалтад 390 багш хамрагджээ. Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн тэнхмийн эрхлэгч нар “Сургалтын технологийн шинэчлэл”-ийн сэдвээр зөвлөлдөв. Энэ нь Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөр, ХСИС-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тэнхмийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, сургалтын мэргэжилтэн, арга зүйчдийн боловсрол судлал, сургалтын технологи, арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготойг зохион байгуулагчид нь онцоллоо. “Онол, арга зүйн ээлжит сургалт зөвлөгөөн”-ий үеэр үзүүлэх хичээлүүдийг тухайн сургуулийн “Шилдэг хөтөлбөр арга зүйн уралдаан”-ы манлайлагчид болон 2015 оны шилдэг багшаар шалгарсан алба хаагчид зааж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь шинэлэг байв. Зөвлөгөөнд хамрагдсан багш нар их сургуульд хэрэгжиж буй сургалтын агуулга, технологийн шинэчлэлтэй холбоотой сургалтуудыг багцаар явуулсан нь үр дүнтэй болсныг дурдлаа.
Тус арга хэмжээнд БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр оролцож, дээд боловсролын байгууллагад хийгдэж буй шинэчлэлийн талаар хичээл заасан юм. Тэрбээр Хууль сахиулахын их сургуулийн хамт олон үндэсний аюулгүй байдал болон хууль сахиулах байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын технологийн шинэчлэлд анхаарч ажилладгийг өндрөөр үнэлж, талархсанаа илэрхийллээ.