1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1925 онд төрсөн Далхаа овогтой Далай 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр таалал төгсөв.

Д.Далай нь бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж өнгөрөөгөөд 20 насандаа Ардын цэргийн албанд татагдаж эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө амь бие үл хайрлан Монгол-Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин байлаа.

Ахмад дайчин Далайгийн гавьяа зүтгэлийг үнэлж Монгол-Зөвлөлтийн “Бид ялав”, Халхын голын 30 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ой, Хилийн цэргийн 50 жилийн ойн медаль, Монгол-Зөвлөлтийн Чөлөөлөх дайны 70 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд болон Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагджээ.

Д.Далай нь Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө энхийн цагт ч хүч хөдөлмөрөө зориулж улсад 50 гаруй жил ажилласан ахмад ажилтны нэг байлаа.

Д.Далайг хань ижил, үр хүүхэд, ач, гуч, зээ, ах, дүү, төрөл төрөгсөд, хамт олон үеийн үед дурсан санах болно.

 

Монголын дайнд оролцогчдын хороо

Төр Засгийн үйлчилгээний Авто баазын хамт олон

Хань, үр хүүхэд, ач, гуч, зээ, ах, дүү, төрөл төрөгсөд

УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ