З.Баянсэлэнгэ: Түрээсийн орон сууцны метр квадратын үнэ нийслэлд 5500 төгрөг байхаар тооцсон


“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд батлагдсан. Тус тогтоолоор түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон. Үүнтэй холбогдуулан Барилга хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан талаараа Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэн амьдрах боломжтой болсон. Харин орон нутагт 1000 айлын орон сууц баригдсан найман аймагт уг хөтөлбөр хэрэгжинэ. Эхний ээлжинд, Улаанбаатар хотод 350, орон нутагт 559 орон сууцыг түрээслүүлнэ. Түрээсийн орон сууцны метр квадратын үнэ орон нутагт 4000, нийслэлд 5500 төгрөг байхаар тооцсон. Түүнчлэн тухайн байраа урт хугацаанд түрээсэлсэн, тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувьд төлсөн хүмүүс амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох боломжтой. Өөрөөр хэлбэл, ТОСК-иас орон сууц барьцаалсан ипотекийн зээлдээ оруулаад явах бүрэн боломжтой гэсэн үг.

Үүнийг тусдаа журмаар зохицуулж, түрээсийн орон сууц хөтөлбөртөө нэмэлтээр оруулж өгөх хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Түрээсийн төлбөрийг сар сард нь хийх бөгөөд болзошгүй эрсдлээс сэргийлж, иргэдээс барьцаа авна. Барьцаа нь гурван сарын түрээсийн үнэтэй тэнцүү байхаар журамд тусгасан. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд нийслэлийн иргэдийг хамруулах ажлыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/, Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна.

Хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс энэхүү журмын хүрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг түрээслүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж болно. Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн, тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг, гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй, тогтмол орлоготой, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байхаар гэсэн үг” хэмээсэн юм.

С.Дэмбэрэл: Эдийн засаг хямраагүй байгаа


Ойрын өдрүүдэд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш суларч, нэг ам.доллар 2030-аас давчихаад байна. Энэ нь 2016 оны төсөвт нэг ам.долларын ханшийг 2030 гэж тооцсоноос хэтэрч байна гэсэн үг. Төгрөгийн ханш ийн суларсаар байгаа манайд орж ирэх гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалт зэрэгтэй салшгүй холбоотой гэдэг ойлгомжтой. Гэвч ам.долларын ханшийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт нөлөөлөхгүй хэмээн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ярьжээ.

Тэрбээр “Эдийн засагт боломжгүйн гурвалжин буюу тогтмол ханштай, төв банк нь бие даасан, капиталын хяналт байхгүй гэсэн гурван ойлголт байдаг. Яагаад боломжгүй гэж байна вэ гэхээр, валютын ханшийг тогтмол барих боломжгүй. Хэрэв тогтмол бариад эхэлбэл төв банкны бие даасан хараат бус байдал алдагддаг. Тиймээс валютын ханшыг барих боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банк хоорондын зах зээл дээр чөлөөтэй өөрчлөгдөж байдаг. Хэрэв валютын ханш хэт их хэлбэлзээд эхэлбэл интервенц хийж, гадаад валютынхаа нөөцийг зарцуулж эхэлдэг. Сүүлийн жилүүдэд байнга интервенц хийж байсан учраас валютын ханшийг 2000 дотор барьж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар валютын ханш 2033-д хүрчихлээ. Хэдий валютын ханш өсөж байгаа ч инфляцийн төвшинд нөлөөлөхгүй байгаа. Одоогоор инфляци 1.8 хувьтай байгаа. Уг нь УИХ-аас инфляцийн жилийн төвшинг дунд хугацаанд 5-7 хувьд барина гээд баталчихсан байдаг.

Валютын ханш чангарсан шалтгаан нь саяхан болсон сар шинийн баяр болон гадны хөрөнгө оруулалт буурсан, валютын урсгал татарсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, үүнтэй холбогдуулаад валютын эрэлт нэмэгдсэн учраас валютын ханшинд нөлөөлсөн. Мөн АНУ-ын холбооны нөөцийн газар оны сүүлээр бодлогын хүүгээ нэмсэн. Үүнийг хүлээж байсан Хятад болон Европын холбооны улсуудад Америкийн доллар чангарч эхэлсэн. Үүний хаялга Монгол руу нөлөөлж ирж байна. Нөгөө талаас манайхан гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирж байна, бонд босгож байна гээд өр тавьдаг. Сүүлийн үед бондын өртөг маш их нэмэгдсэн. Энэ тохиолдолд манай өртөг их нэмэгдэж байгаа. Энэ бүхэн валютын ханш чангарахад нөлөөлсөн гэж болно. Тиймээс валютын ханшийг алдчихлаа, Монгол Улс сүйрлээ гээд байх шаардлага байхгүй.

Мэдээж экспорт болон хөрөнгө оруулалтынхаа урсгалыг нэмэгдүүлэх ёстой. Гаднаас мөнгө зээлж, дотооддоо хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтлах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 7-8 улирал дараалан доошоо явж байгаа. Үүнийг дагаад манай эдийн засгийн өсөлт доошоо явж байна. Гэхдээ инфляци өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурч байгаа нөхцөлд валютын ханш 2033-д хүрэхэд иргэдийн худалдан авалтад нөлөөлөхгүй” хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр “Эдийн засаг хямраагүй байгаа. Эдийн засгийн хямрал гэдэг бол тухайн орны ДНБ хасах тэмдэгтэй байхыг хэлдэг. Одоо манай эдийн засаг бууралттай байгаа. Ийм байдалтай болоод 2-3 жилийг өнгөрөөлөө. Үүнтэй холбоотойгоор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт багасаад л байгаа. Гэхдээ хасах руу ороогүй. Үүнийг хасах руу оруулж болохгүй. Энэ байдлыг манайхан эдийн засгийн хямрал гэж ярьдаг. Тодорхой айл өрхүүдийн хэмжээнд бол хямарсан байж болно. Гэхдээ цэвэр эдийн засгийн тооцооны хэлээр бол энэ хямрал биш” хэмээжээ.

Д.Ганбат: УИХ-ын гишүүдэд төрийн байгууллагын ажлыг шалгах эрх бий


УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Оюунбаатар, Ж.Батсуурь нар сар шинийн өдрүүдэд албан томилолтоор гадаад руу явахдаа МИАТ-ийн онгоцыг 30 минутаар саатуулсан гэх мэдээлэл цацагдаж, олны анхаарлыг ч нэлээд их татав. Угтаа бол 2013 онд батлагдсан “МИАТ ХК-ийн нислэгээр зорчих журам”-д тухайн нислэгийн бизнес ангиллын суудал чөлөөтэй байгаа нөхцөлд МИАТ ХК нь “төрийн өндөр албан тушаалтныг энгийн ангиллаас нэмэлт төлбөргүйгээр дэвшүүлэн суулгах тухай” заасан байдаг аж.

Гэтэл үнэндээ томилолтоор Берлинийг зорьсон гишүүд бизнес ангиллын суудал хоосон байгаа тул тэнд суугаад явчих хүсэлтээ л гаргах гэж байсныг эндүү ташаа ойлгосноо салбарын сайд нь мэдэгдэж, Шадар сайдаас уучлалт гуйснаар эл хэрэг намжсан. Гэхдээ эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ярилцлага өгчээ. Тэрбээр “МИАТ-ийн онгоцыг саатуулаагүй. Шинийн 3 бил үү 4-нд албан ажлаар гадаад руу явсан.

Тухайн үед онгоцны экипажийн даргатай уулзах саналыг Ц.Оюунбаатар гишүүн МИАТ-ийн ажилтнуудад хэлсэн. Дарга нь ч ирээгүй. Тэгэхэд би Зам тээврийн сайд, МИАТ, ИНЕГ-ын дарга руу залга гэж хэлсэн. Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүдэд төрийн байгууллагын ажлыг шалгах эрх бий. Ажлын хариуцлагыг шалгах хэрэгтэй гэж үзсэн. Сахилга хариуцлагын асуудлыг аль аль талдаа танилцуулах хэрэгтэй. Ах захаа бодсон ч гэсэн төрийн ажлыг бидэнд танилцуулах ёстой. Би энэ талаар ямар нэг тайлбар өнөөг хүртэл хийгээгүй байсан. Болсон зүйл нь ердөө энэ” хэмээн тайлбарлажээ.

Р.Гончигдорж: Нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэтээр мушгихад нь эмзэглэсэн


УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэн хуралдаанд оролцсон 38 гишүүн дэмжсэнээр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлсөн. Ж.Амарсанаа өөрт нь холбоотой асуудлыг хэлэлцэхийн өмнө “Цэцийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахдаа эд нар батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ гээд заачихсан. Өөрсдийнх нь самуурал ингэж ихдээд байгаа. Хуулийн байгууллагыг бүгдийг нь гартаа оруулчихаад, Цэц үлдсэн учир Цэцийг гартаа оруулах гэж байна. Цэцэд ирэх хүмүүс бэлэн болчихсон. Өөрсдөө томилчихоод хөгшин тэнэгээр нь дуудаж, одоо хэдэн хүн чөлөөлөөд, оронд нь өөрсдийн хүмүүсээ томилох гэж байгаа юм.

Их хурлын гишүүн, 63 настай Р.Гончигдоржийгоо Их хурлын гишүүнээс чөлөөлөөд, Цэцийн дарга болгох гэж байна” хэмээн ярилцлага өгч байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр “УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулганы зорилго нь зөвхөн Цэцийн даргыг эргүүлэн татах тухай асуудал байсан гэж зарим хэвлэл бичиж байна. Тийм зүйл биш шүү дээ. Ээлжит бус чуулган хуралдсан. Харин өмнө нь дээрх асуудлаар завсарлага авчихсан байсан учраас асуудлыг оруулж ирж, үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Үндэслэлийн хувьд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бүлэг болгож тодорхой хэлсэн. Түүнтэй санал нэг байгаа. Үндсэн хуулийн цэцийн дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж би хэлнэ. Зөвхөн хууль зөрчсөн гэх агуулгаар биш. МАН-ынхан тухайн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг чуулганы танхимд ороод ярих юм бол ямар ч амжилт олохгүй гэдгээ мэдээд зугтаасан гэж харж байна. Үгүй юм бол УИХ-ын албан ёсны чуулганд ороод хэлэх ёстой байсан шүү дээ.

Албан ёсны институци дээр албан ёсны байр сууриа илэрхийлж чадахгүй байна гэхээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлдээ бүрэн итгэхгүй байгаагийн илрэл. Хууль зөрчих нь өөрт хохиролтой, өрөөлд хохиролтой, зарим нь бүр төрд хохиролтой үр дагавруудтай байдаг. Үндсэн хуулийн цэцийн тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталсан байгаа. Хэдийгээр хуулийг баталсан өдрөөс нь эхэлж мөрдөнө гэсэн байдаг ч, түүний дараа хэн, ямар үед хуулийг хэрэглэж болох вэ гэдэг зүйл байдаг. Шүүх бол хэвлэгдсэн хуулийг л хэрэглэдэг шүү дээ. Түүнээс гадна Үндсэн хуулийн бусад байгууллагад хадгалагдаж байгаа эрхийг өөр нэг байгууллага дураараа эдэлж болохгүй. Эдэлж болохгүй гэдэг нь түүнийг нь хэрэглэх, эсвэл эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа явуулахад нь шууд саад, хориг тавих тухай асуудал юм.

Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн хийсэн үйлдэл бол цаг хугацааны хувьд маш бачимдсан зүйл байлаа. Өөрөөр хэлбэл, хуулийн эцсийн найруулга уншигдаагүй, Ерөнхийлөгч рүү очоогүй, бүр албан ёсоор хэвлэгдээгүй байхад “Энэ хуулийг албан ёсоор хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн нь маш буруу зүйл. УИХ-аар аливаа хуулийг баталсан бол холбогдох хуулийн дагуу хууль хэрэгжиж, түүний биелэлт хангагдаж, зохион байгуулалт хийгдэнэ. Мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон авах арга хэмжээнүүд хангагддаг. Харин үүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулах эрх хэнд ч байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг эрх байдаг. Тэр нь хориг тавиад, заалтаар нь юм уу, бүхлээр нь хэрэглэхийг түдгэлзүүлдэг эрх юм. Үндсэн хуулийн цэцийн хувьд Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлыг үүсгээд, дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцээд зөрчсөн гэсэн шийдвэр гарвал тухайн заалтыг түдгэлзүүлдэг.

Түүний дараа эцсийн шийдвэр гарвал заалт хүчингүй болж, УИХ зохих өөрчлөлтийг оруулдаг юм. Цэцийн дарга яагаад яарсныг нь мэдэхгүй юм. Ямартай ч энэ үйлдэл нь маш хөнгөдсөн зүйл байлаа. Түүнээсээ болж хууль зөрчсөн. Төрийн эрх мэдлийг хууль бусаар өөртөө авах гэсэн хатуу нэр томъёо бий. Түүн рүү их дөхсөн байдлаар УИХ-ын эрхийг шууд зогсоож, нэг хүний зүгээс ийм зүйл гаргаж ярьсан. Тэр нь өөрөө энгийн хүн биш Цэцийн дарга байсан учраас энэ нь хуулийг илт зөрчсөн асуудал гэж хэлнэ. Тэгэхээр зүгээр нэг хууль зөрчсөн асуудал биш байгаа биз дээ. Тиймээс цаашид ийм байдлаар дур зоргоороо ажиллаж, төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдлийг ингэж хязгаарлаад байх юм бол Үндсэн хууль, төрийн хямралд орж болзошгүй.

Азаар ийм эгзэгтэй эгшин энэ удаад байсангүй. Үүнтэй холбоотойгоор л Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татсан. Зөвхөн дарга биш гишүүнээс нь эргүүлэн татсан асуудал юм. Мөн нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэт мушгисан яриа гарахад эмзэглэж байлаа. Энэ бол тийм зорилготой зүйл огт биш юм. Харин Цэцийн даргыг томилох асуудал ёс, журмынхаа дагуу л явна шүү дээ. Цэцийн нэг гишүүн нөхөгдөж томилогдох ёстой. Цэц өөрөө хуралдаж байж дотроосоо энэ асуудлаа шийддэг. Тиймээс асуудлыг урьдчилаад, бүр тодорхой хүн дээр хамааруулж болохгүй. УИХ-ын гишүүн болоод хувь хүнийхээ хувьд хэлэхэд сая болж өнгөрсөн зүйл шиг үйлдэл гаргадаггүй, хууль зөрчдөггүй Цэцийн гишүүн, Цэцийн дарга л томилогдох ёстой” гэж байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Э.Туул