Дүрвэгсдийн хуаранг санагдуулам дүүргийн эмнэлэг
Эмнэлгийн хонгил дүүрэн халуурч бүлээрсэн, ханиаж шуухинасан хүүхдүүд. Тэд эвхдэг орон дээр тун тав тухгүйхэн хэвтэцгээнэ. Зарим нь эмнэлгийн коридор буюу хонгилоор хөлхөх олны дуу шуугиантай хэдийнэ эвлэрэн нам унтжээ. Ой хүрээгүй бяцхан хүүхдүүд нүүрэндээ томдсон маск зүүсэн нь нүдэнд содон туслаа. Хонгилын хамгийн эхний орон дээр унтах хүү хоёрхон сартай. Эмнэлэгт хэвтээд нэг хонож байгаа гэнэ. Хүүдээ ээж нь зааны зурагтай амны хаалт зүүлгэжээ. Хүүгээ сэрээчих вий хэмээн эвхдэг орны булан дээр цомцойн суугаа залуухан ээжтэй уулзлаа. Тэрээр “Хүүдээ хамгийн жижиг маскийг авсан ч томдчихсон байгаа биз. Ийм жаахан амьтныг ханиад хүрснийг нь мэдэхгүй байсаар хүндрүүлчихсэн болохоор өөрийгөө л буруутгаж байна даа. Хонгилд ингээд олуулаа хэвтэх жаахан хэцүү юм. Нэг хүүхэд уйлахаар унтаж байсан бусад нь сэрчихдэг. Тэгээд л бүгд уйлалдчихна шүү дээ. Тасагт бол арай амар байх. Тэгээд ч ханиадтай хүүхдүүд нэгнээсээ халдварлах магадлалтай учраас тусгаарласан өрөөнд байх ёстой биз дээ” хэмээн ярилаа. Энэ бол Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дүр зураг. Тус эмнэлэг 165 ортой. Гэвч одоогоор 245 хүүхэд хүлээн аваад байгаа ажээ. Тиймээс эмнэлгийнхээ чийрэгжүүлэх өрөө, кабинетуудыг татан буулгаж, тасаг болгосон ч багталцахгүй байгаа тул хүүхдүүдийг хонгилд эвхдэг ор тавьж хэвтүүлэхээс аргагүйд хүрчээ. Эдний эмнэлэгт өдөртөө 140 орчим хүүхэд үзүүлж байгаагийн 30 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Энэ бол бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томууны дэгдэлт ихэссэний зэрэгцээ өвчлөл нь нэлээд хүндэрсэн хойно эмнэлэгт хандаж байгаагийн илрэл.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёрдугаар давхар нь хоёр том хонгилтой. Зүүн жигүүрийн хонгилд 30 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бүгд тэгээс хоёр настай нялхас. Ээжүүдийг нь оруулан тоолбол эмнэлгийн энэ хонгилд 60 орчим хүн амьдарч байгаа гэсэн үг юм. Тус эмнэлгийн хүүхдийн хоёрдугаар тасгийн эрхлэгч Б.Ариунжаргал “Бид гэрээр эмчлэх боломжтой хүүхдүүдээ аль болох буцаадаг. Зайлшгүй хэвтэх шаардлагатай хүүхдээ л авч байгаа. Шаардлагатай зохицуулалтуудыг тухай бүрт нь хийж байгаа ч хонгилд хэвтүүлэхээс өөр аргагүй болоод байна. Нэгнээсээ дахин халдварлах магадлалтай учраас байнга амны хаалт зүүхийг сануулдаг. Оройдоо ачаалал маш их болдог” хэмээн өгүүлсэн. Хүүхдээ үзүүлэхээр ирж байгаа эцэг эхчүүд эмнэлгийнхэнд уурлаж, бухимдлаа илэрхийлэхээс эхлээд элдвээр харааж загнах зэргээр бүдүүлэг авир гаргадгийг ч тэрээр хэлж байв. Наад зах нь “Хурдан үз, эм бичиж өг” гээд загнаж, зандчдаг гэнэ. Тэр ч байтугай эмч нарыг цохиод авах нь энүүхэнд болсон байна. Энэ бол нэг талаас тус эмнэлэг ачаалал ихтэй тул хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг, эхчүүд дараалал хүлээн бухимддагийнх, нөгөө талаар эмнэлгийн нөхцөл, орчин хүнд байгаагийнх болов уу. Ингээд эмнэлэг биш дүрвэгсдийн хуаранг санагдуулам хонгил дундуур хийсэн “аялал”-аа цааш үргэлжлүүлэв.
Эмнэлэгт шинээр ирсэн хүүхдүүдийг хонгилд хэвтүүлэх бөгөөд ор сулрахаар ирсэн дарааллаар нь тасагт шилжүүлдэг юм байна. Зургаан сартай Энхжин охин эмнэлэгт хэвтээд дөрөв хонож буй ч тасаг руу шилжиж чадаагүй байгаа ажээ. Ханиалгах нь ихэд зовиуртай байгаа бололтой. Ханиалгах бүртээ уйлагнах бөгөөд ээж нь аргадаж, хөхүүлэх аж. Тэрээр “Бид хоёр коридортоо байсаар байгаад л эмнэлгээс гарах юм шиг байна. Одоо дассаан. Охин маань хэд хоног халуураад шууд хатгаа болчихсон. Энэ ханиад их хүнд тусдаг юм байна. Энд хэвтэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хатгаатай. Тусдаа өрөөгүй, энэ олон хүн нэг агаараар амьсгалж байгаа болохоор ханиад томуу яг эдгэрэх эсэх нь эргэлзээтэй санагддаг. Нэг нь эдгэрч байхад шинэ ханиадтай хүүхэд орж ирэхэд нөгөөх нь дахиад л ханиад тусчихаж байгаа юм шүү дээ” гэлээ.
Арай томхон, сууж сурсан хүүхдүүдээ ээжүүд нь саатуулахын тул нэг орон дээр зэрэгцүүлээд суулгачихаж. Тэд нэгнийхээ маскийг нь татаж авах гэж оролдож үзнэ. Зарим нь тоглоомоо булаацалдана. Харин эдгээр бяцхан хүүхдүүдийн дундуур ягаан халадтай, үсээ хоёр сүлжсэн бяцхан охин хэвлүүхэн алхална. Биндэрьяа гэх энэ охины хувьд хонгилд хэвтэж байгаа хүүхдүүдтэй тоглож уйдаагаа гаргах нь илүү зугаатай байгаа бололтой. Харин сувилагч түүнийг өрөөндөө ороорой гэж байн байн сануулна.

Халуурч байгаа хүүхдэд эм уулгах нь буруу
Сонгинохайрхан бол нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Нэгдсэн эмнэлэг нь зөвхөн өөрийн дүүргийн харьяаны хүүхдүүдийг л хүлээн авдаг ч ийнхүү ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 100 гаруй мянган хүүхэд бий гэсэн статистик судалгаа байдаг юм байна. “Манай эмнэлэг хүүхдийг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэр утгаараа хэвтэх бичигтэй хүүхдүүд л ирэх ёстой. Гэтэл аав, ээжүүд нь ажлын цаг дууссаны дараа хүүхдүүдээ аваад ирдэг. Хүлээн авах хэсэг оройдоо битүү хүн болно. Өрхийн эмнэлэг хаачихсан тул манайхаас өөр ирэх газар байхгүй шүү дээ. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар өрхийн эмнэлгүүд 20.00 цаг хүртэл ажиллах болсон тул ачаалал тогтворжих байх” хэмээн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн ярилаа.
Ер нь ямар нэгэн өвчинд зөв зохистой эмчилгээг хийлгэвэл түргэн хугацаанд эдгэрэх боломжтой гэдгийг Б.Галсанцэдэн эмч хэлж байсан юм. Түүнээс эцэг, эхчүүдэд хандан хүүхдээ ханиад, томуу хүрсэн үед гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх талаар тодруулахад “Бага насны хүүхэд халуурч байгаа үед тогтмол хугацаанд халууныг үзэж 38.5 хэмээс дээш гарвал халуун буулгах эм өгнө. Гэхдээ энэ бол зөвхөн эрүүл хүүхдийн тухайд ярьж байгаа юм шүү. Эрүүл хүүхдийн биед ханиадны вирус халдварлахад бие нь өөрийн дархлааны системийг бий болгохын тулд урвал явуулдаг. Энэ нь халуурч буйгаар мэдрэгддэг юм. Эрүүл хүүхэд 38.5 хэм хүртэл халуурах нь хэвийн. Дархлаагаа тогтоох гэж байна гэсэн үг. Гэтэл манайхан эм өгөөд хүчээр буулгачихдаг. Тэгэхээр яаж дархлаа тогтох вэ. Мөн парацетамолыг зөв хэрэглэж сурмаар байна. Ихэнх эм парацетамолын найрлагатай. Үүнийг их хэмжээгээр уувал элгэнд аюултай байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ халуурангуут нурофен өгчихдөг. Тэгээд араас нь парацетамол өгөөд байна. Гэтэл нурофен нь тэр чигтээ парацетамолын найрлагатай эм шүү дээ. Ингээд байхаар элэгний дутагдалд орох сөрөг нөлөө байдаг” хэмээн зөвлөгөө өгөв. Энэ жил тархаж буй ханиад нь хүнд явцтай, вирусээр халдварлаж байгаа тул түргэн хугацаанд хатгалгаа болох магадлал өндөр байгаа гэнэ. Түүнчлэн улаан бурхан өвчний халдвар ч өндөр байгаа юм байна. Улаан бурхнаар өвдсөн хүүхдийн биеийн дархлаа мууддаг тул дараа нь ханиад хүрэхэд амархан хүндэрдэг байна. Энэ мэт энгийн зүйлсийг эцэг, эхчүүд мэддэг байхад илүүдэхгүй. Ер нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадвал хүндрэл үүсэхгүй гэдгийг эмч нар зөвлөдөг. Ингэж урьдчилан сэргийлж чадахгүй байгаагаас томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд богино хугацаанд хүндэрч хатгаа болох тохиолдол элбэг байгаа гэнэ. Энэ нь дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байгаа нэг шалтгаан ажээ.

“Охин бид хоёр хонгилдоо дассаан”
Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр нийслэлийн хэмжээнд хүүхдийн орны ачаалал ямар байгааг дүүргүүдээр нь авч үзвэл Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хамгийн их ачаалалтай байгаа юм байна. Тус эмнэлгийн ачаалал 86.4 хувиар хэтэрчээ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүрэгт одоо байгаа нэгдсэн эмнэлэгтэй адил дахиад нэг эмнэлэг хэрэгтэй болоод байгаа гэсэн үг. Харин хамгийн бага ачаалалтай байгаа Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд л гэхэд хүүхдийн орны ачаалал 38.5 хувиар хэтэрсэн байна. Бидний очсон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 55 хувиар хэтэрчээ. Ачаалал нь 50 гаруй хувиар нэмэгдэхэд эмнэлгийн ор төдийгүй өрөө, тасгууд хүрэлцэхээ больж, эх, хүүхдүүд хонгилд хэвтэж байгаа юм чинь, 70-80 хувиар ачаалал нь хэтэрсэн эмнэлгүүдэд нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой. Баянзүрх, Хан-Уул зэрэг дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн насанд хүрэгчдийн орыг хүүхдүүдэд шилжүүлээд ч ачаалал багасахгүй байгаа гэнэ. Нийслэлийн хэмжээнд байгаа эмнэлгүүдэд шинээр хэвтсэн хүмүүсийн 57 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой, тэдний 98.3 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа ажээ. Эндээс эцэг, эхчүүдийн зүгээс бага насны хүүхдүүддээ анхаарал, халамж тавих, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай нь харагдаж байна. Хүүхдээ аль болох ханиад томуу хүргэхгүй байх, хүрсэн тохиолдолд хүндрэхээс нь өмнө эмчилгээ хийж эхлэх нь чухал. Эс тэгвэд эмнэлгийн хонгилд, эвхдэг орон дээр хэвтэн “эмчлүүлэх” сонголттой тулгарч мэднэ. Томдсон амны хаалт зүүчихээд, түүндээ төвөгшөөн уйлагнаж суугаа бяцхан хүүхдүүд, дуу дуугаа аван эмнэлгийн хонгилоор дүүрэн уйлалдах нялхас, тав тухгүй эвхдэг төмөр орон дээр суугаагаараа нойр авч суугаа хөхүүл эх… Бид нийслэлийн баруун захад орших хүүхдийн нэгдсэн эмнэлгийг орхин гарахад ийм л дүр зураг нүдэнд харагдсаар байлаа. “Охин бид хоёр хонгилд хэвтсээр байгаад дасчихсаан” хэмээсэн бүсгүйн цөхрөнгүй үг гол зурна. Өөдөсхөн үрс нь өвдөж зовоход аврал тусламж хайн эмчийг зорьсон эцэг, эхчүүд аргагүйн эрхэнд эмнэлгийн хүнд орчин нөхцөлтэй эвлэрч байна. Харин төр, засаг, шийдвэр гаргагчид ийм нөхцөл байдалтай эвлэрэх ёсгүй. Сайдгүй салбарт саад зөндөө байгаагийн нэг нь энэ. Юутай ч энэхүү сурвалжлагадаа цэг тавимааргүй байна. Тиймээс “Хүүхэд эмнэлгийн хонгилд хэвтдэггүй цаг хэзээ ирэх вэ” гэсэн асуултыг нээлттэй үлдээе.

Б.Бадамгарав
Г.Санчир

Ардын эрх сонин