Монголын Эвангелийн эвслийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн тэргүүн Д.Батбаяр мөн Монголын пастер ахлагчдын холбооны дэд тэргүүн Л.Баясгалан нар Христийн шашны талаар буруу зөрүү ойлголт гарч байгааг залруулах хүсэлтэй байгаагаа хэлэв. Тодруулбал: “Мүүн бол шашин шүтлэг биш гаж урсгал энийг гадаадууд хүлээн зөвшөөрчихсөн байгаа манай Монголчууд л мэдээгүй. Ийм учраас Христийн шашин, Мүүн хоёр хоорондоо ямар ч хамааралгүй гэдгийг хэлмээр байна. Мүүн буюу Мүүнизм нь Христийн шашны нэг хэсэг биш учраас холбож тайлбарлаж болохгүй юмаа.

Энэ зургийг гурван жилийн өмнөх хүндэтгэлийн зоогийн үеэр авсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Мүүний гаж шашны талаар мэдээлэл цацахдаа энэ зургийг ашиглаад байна.

Тухайн үед бид Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал хариуцсан албанд хүсэлт тавьж, бидний арга хэмжээнд оролцохыг урьсан. Уг урилгын дагуу ирсэн хүмүүс мөн хоёр пастер, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Христэд итгэгчийн хувиар энэ үйл ажиллагаанд оролцсон. Эдгээр хүмүүс Мүүнтэй ямар ч холбоо байхгүй. Мөн УИХ-ын нэгэн гишүүн Монголд Христийн 6000 гаруй чуулган бий гэж ташаа зүйл ярьж байсан. Албан ёсоор бүртгэлтэй, бүртгэлгүй 400-500 гаруй чуулган байгаа. Мөн Монголд албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн 300 орчим пастер байгаа бас янз бүрийн чуулганы 200 орчим пастер байгаа. Христэд итгэгч хүмүүсийн нэр хүнд санаатай буюу санаандгүй хохирч байгаатай холбоотойгоор тайлбар хийхийг хүссэн юмаа.

 

О.Номин