Хувь хүний орлдогын албан татварын тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Ингэхдээ иргэн анх удаа өөрийн болон банк санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдах авах буюу байшин барьсан бол, мөн их дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг болсон билээ.

Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа өгөх учиртай. Бүрдүүлэх материал анхны жил болон дараагийн жил гэдгээрээ ялгагдан бүрдүүлэх материал өөр байдаг. Тэгвэл нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26,500,000,000 /хорин зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгийг нийслэлийн Татварын газарт шилжүүлэхийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамжилжээ. Тэрээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 гэх зэрэг бусад холбогдох хууль, дүрмийг үндэслэн нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд олгохыг үүрэгдсэн байна.

Иймээс нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26,500,000,000 /хорин зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгийг нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд олгож эхлэх гэж байна.

Эх сурвалж: http://www.newscom.mn/