Хүүхэд хөгшдийн Ивээх төвөөс “Асрамжийн төвд асруулагчдын эрхийг хангахад талуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, улсын болон хувийн хэвшлийн ахмадын асрамжийн төвүүд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, ахмад настны асрамжийн үйлчилгээний стандартын шинэчлэлийн төлөвлөгөө, асрамжийн төвд асруулагчдын гомдол гаргах журмын төслүүдийг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Дээр дурдсан стандарт, журмуудыг хүний эрхэд суурилсан хандлагад нийцүүлэн сайжруулах ажлыг 2016 онд багтаан хийх нь зүйтэй гэж оролцогчид үзлээ. Гэхдээ эхний ээлжинд асрамжийн төвүүдийн зүгээс гомдол гаргах журмыг батлан гаргахын тулд холбогдох яам ажлын төлөвлөгөөндөө тусгах ажиллах байх гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Асрамжийн төвд асруулагч ахмадуудад үзүүлж буй үйлчилгээ сүүлийн үед нилээд сайжирч байгааг оролцогчид дурдаад нэгэн үе ахмад настанд үзүүлэх асрамж үйлчилгээ нь анхан шатны хэрэгцээнд суурилж байсан бол одоо хүний эрхэд суурилсан хандлагыг нэвтрүүлэх цаг болсныг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон дурдлаа.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд ахмадын асрамжийн 11 төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цаашдаа хувийн хэвшлийн асрамжийн төвүүд шинээр нээх хүсэлт иргэд, байгууллагаас ирсээр байгаа аж. Иймээс хувийн хэвшлийн асрамжийн төвүүдийг дэмжин ажиллаж стандартыг боловсронгуй болгох хэрэгцээ байгаа гэж оролцогчид үзжээ.