Зээлийн маргаан иргэний хэргийн дийлэнх хувийг эзэлж байна
2016/02/29
Монгол улсын хэмжээнд шүүгчийн хүний нөөц үнэхээр хомс байгаа учраас шүүгч нарын ачаалал ихэссээр байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдсэн. Өнгөрсөн жилд л гэхэд нийт 48 869 хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Үүнээс 40 674 хэргийг иргэний хэрэг эзэлж байна. 2015 онд шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн ихэнх хувийг гэрээний маргаан, зээлийн маргаан эзэлж байсан бөгөөд энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой гэх судалгаа гарчээ.
Судалгаанаас үзэхэд нийслэлд нэг шүүгчид 65 хэрэг, орон нутагт нэг шүүгчид 31 хэрэг оногдож байгаа судалгаа гарчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 495 шүүгч ажиллаж байгаа бөгөөд үүнээс
Анхан шатны шүүхэд:
- Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх-75
- Сум дундын эрүүгийн анхан шатны шүүх-67
- Сум дундын шүүх-29
- Дүүргийн эрүүгийн шүүх-55
- Дүүргийн иргэний шүүх-83
- Захиргааны хэргийн анхан шатны шүүх-79
Давж заалдах шатны шүүхэд:
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх-11
- Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх-49
- Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх-47 шүүгч тус тус ажиллаж байгаа юм байна.
2014 онд нийт 41 000 гаруй хэрэг анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан бол 2015 онд хэргийн тоо өсөн 48 869 болсон байна. Хамгийн их ачаалалтай нь дүүргийн иргэний шүүхүүд байгаа юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн ачааллыг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй байлгахын тулд www.irgen.civilcourt.mn лавлагааны сайтыг нээсэн байна. Энэхүү сайтаас иргэний хэргийн тоон үзүүлэлт болон хэдэн хэрэг шийдвэрлэгдсэн, хэдэн иргэний шүүх хурал хойшлогдсон гэх мэт мэдээллийг авах бүрэн боломжтой болсон байна.
О.Номин
Зочин · 2016/02/29
nice
Зочин · 2016/02/29
Ер нь Монгол Улсад зээлгүй хүн байхгүй. Хамгйин их асуудалтай нь зээлээ эргэн төлөх бас хуулийн дагуу зөв гэрээ хийгддэггүйд байгаа юм